Манжуурын уламжлалт “Цас мөсний баяр” болж байна

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд гурван улсын хилийн боомт  Манжуур хотод  өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Энэ удаа ӨМӨЗО-ы Аялал жуулчлалыг хөгжүүлэх хороо, Манжуур хотын Засгийн газрын ордон, Хөлөнбуйр түрээсийн худалдааны газар, ОХУ-ын Чита хотын Засгийн газар, Монгол Улсын Дорнод аймгийн ЗДТГ, Чойбалсан хотын ЗДТГ хамтран Манжуур хотноо хэд хэдэн чухал арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” гоо бүсгүйн тэмцээнийг  ӨМӨЗО-ны Манжуур хотноо арванхоёрдугаар сарын 23-нд амжилттай зохион байгууллаа. Хоёрдугаарт, олон улсын 20 дахь удаагийн “Цас мөсний баяр”-ыг Манжуур хотноо тэмдэглэж эхлээд байна. Гуравдугаарт, дээрх арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гурван улсын зочид төлөөлөгчид Манжуур хотын удирдлагуудтай уулзаж, хөрш зэргэлдээ улс орнуудын  хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцахын сацуу цаашид хамтран зохион байгуулах олон талт арга хэмжээний тухай, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон чухал уулзалт хэлэлцүүлгийг хийж байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх трэнд хөтөлбөр

 

Аялал жуулчлал гэдэг бага зардлаар эдийн засагтаа хувь нэмэр оруулах, валютын их урсгалыг татан авчрах боломжтой салбар байдаг.Гэсэн ч сүүлийн үед аялал жуулчлалын ашиг орлого зөвхөн байгалийн сайхнаар хэмжигдэхээ больжээ.Дэлхийн олон улс орон өдөр бүр шинэ зүйлс сэдэж гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татаж, онцлог зүйлсээ сурталчилан танилцуулсаар байна.Үүний нэг нь Манжуур хот юм.

Манжуур бол хөрш зэргэлдээ улс оронтойгоо авто зам, төмөр зам, агаарын тээврээр холбогдсон, аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буй гурван улсын хилийн боомт хот. Тэр утгаараа БНХАУ энэ хотоо ОХУ-тай хийх эдийн засаг, худалдааны чөлөөт бүс болгох зорилготойгоор хөгжүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд  энэ ажлынхаа хүрээнд хөрш улс оронтой хамтарсан олон улсын чанартай тэмцээн уралдааныг цөөнгүй зохион байгуулдаг болжээ. Үүний үр дүнд Манжуурт ирдэг жуулчдын тоо өсч байгаа аж. Статистикийн мэдээллээс үзвэл,  Манжуур хотод жил бүр Орос, Монгол, Хятад улсын болон гадаадын 5-6 сая гаруй жуулчин ирж аялдаг юм байна. Жуулчид тус хотод худалдаа наймаа хийхээс гадна тус хотын өвөрмөц соёл, байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирдэг болсон байна.

Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулж буй “Цас мөсний баяр” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд трэнд болж буй хөтөлбөр юм байна.Уг баяр нь хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ ажлын  хүрээнд цас мөсөн хотхон байгуулах, Орос, Монгол, Хятад гурван улсын тамирчид оролцсон өвлийн спортын тэмцээнүүдийг зохион байгуулдаг юм байна.

 “Цас мөсний баяр”-аар жуулчдад урамшуулалтай үйлчилнэ

 

Манай улсын хувьд одоогоор өвлийн аяллын маршрут нь Хөвсгөлийн “Мөсний баяр” Өмнөговийн “Тэмээний баяр”,  “Чингисийн хүрээ” баазад болдог “Бүргэдийн баяр” гээд л дуусдаг бол Манжуур хот нь өвлийн улиралд зохион байгуулах арга хэмжээнүүдээ жилээс жилд л өргөжүүлсээр байгааг цасны баярт оролцохоор ирсэн жуулчид хэлж байв.

“Цас мөсний баяр”-ын нээлтийн үеэр Манжуур хотын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ду Ляньхэхэлэхдээ “Энэ үеэр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд тус хотод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, гадна, дотны жуулчдад хямдралтай, урамшуулалтай үнээр үйлчлэх олон арга хэмжээ зохион байгуулна” гэдгээ хэлж байв. Мөн Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газрын тэргүүний орлогч Бато Доржиев “Цас мөсний баяр” нь Орос, Хятад, Монгол гурван улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх гүүр болдог” хэмээн онцлон тодотгосон юм.Олон улсын цас мөсний баяр нь 1999 оны тэртээгээс өнөөдрийг хүртэл 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж.Энэ баяр нь тус улсын төрийн зөвлөлөөр зөвшөөрүүлсэн өвлийн наадам гэдгийг албаныхан хэлж байв.