Ерөнхий сайд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ гэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр олны хүлээж байсанчлан улс орны эдийн засгийн байдлын талаар тайлбар мэдээлэл өгсөн юм. Ерөнхий сайд хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүний дараа улстөрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээд маргаан өрнөлөө. Бид тодорхой ойлголтыг хүргэх үүднээс та бүхэнтэй уулзаж санал бодлоо солилцохыг хүссэн юм. Мэдээллийг үнэн бодитой хүргэх нь ажлаа цаашид төлөвлөхөд тустай.

Анх ажил авсны дараа ч бид эхний ээлжинд эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлно гэж хэлж байна. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчим бий. Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна. Цаашид төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл ажиглагдаж байна.

Манай Засгийн газар дараах хоёр үе шатанд эдийн засагтаа арга хэмжээ авна.

Эхний үе буюу Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлнэ /12-18 сар/

Хоёрдугаар үе  буюу эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ” гэлээ.

Тэрээр мөн УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан. Үүгээр төсвөө зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ гэж найдаж байгаагаа хэллээ.

Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын хийсэн мэдэгдлүүд гадаад зах зээлд хөрөнгө оруулагчдыг үргээх мэдээлэл болон хүрч буй тухай шүүмжлэлийг Засгийн газар сонсч байгаа. Энэ тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүнд байгааг хүн бүр мэдэж байгаа. Худлаа хэлээд хэрэггүй. өөрсдийгөө хуураад явах нь хэнд ч ашигггүй. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоогоо үнэн зөв, бодитой болгох нь чухал гэж үзсэн” хэмээн хариулт өглөө.

Энэ удаагийн мэдээллээрээ Ерөнхий сайд эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ гэж онцоллоо.

Эх сурвалж: Newscom.mn

,