Миний мэдэх Даян хаан,Чилүгэн,Корчагин.

Миний мэдэх Даян хаан,Чилүгэн,Корчагин.

Хүүхэд нас минь Хүүхэд Залуучуудын Театрт өнгөрсөн гэхэд хилсдэхгүй байх.Ээжийг дагаж өдөржин ажилчин нь шиг л байна шүү дээ.Гадаад дотоодод төгссөн ганган ганган залуучууд театрт байх.Тэдэн дотроо Сүххуяг гэж яралзсан цагаан шүдээ гялалзуулан инээсэн жинсэн хослолтой залуу онцгойрох."Хайрыг хайрла" жүжиг тараад Сүххуяг ах гарч ирэхэд цэцэг барьцан гоё гоё эгч нар хүлээгээд зогсож байхыг нүдээрээ харж л явлаа.Хотыг бол энэ жүжгийн дүрээрээ шуугиулж явсан юм шүү.Хүүхэд гэж голохгүй найз минь юм шиг дотносож, хамаг бүхнээ ярьж,тоглоом шоглоомоор намайгаа "явуулж" байдаг ахыг байнга дагаастай.Хааяа дагаж Солонго ресторанд хамт хоол идэж, хүн амьтан бүлтийтэл ширтэхэд нь ахаараа бахархан додигор суудагсан.Нэг дурсамж санаанаас гардаггүй юм.Сонгины амралтанд тоглолтоор очоод үзэгчид цуглахыг хүлээн суухдаа зааланд орж ирээд гарч чадахгүй нисэх хараацайг гаргах гэж курткээ шидэн унагаахад өнөөх нь ширээнд цохигдон унаад үхчихвээ.Аврах гэж байгаад алчихсандаа Сүххуяг ах ихэд харамсаж голын эрэг дээр тэр дор нь оршуулсан юм.Амнаас нь цус гарсан бяцхан шувууг булахдаа нүдэнд нь нулимс гялтганахад нь, том хүн уйлдаг юм байх даа гэж гайхан бодож байлаа.Ерөөсөө л хар залуугийн баярлах гуниглахдаа нулимсаа нэрчих гээд байдаг хүн л дээ.Одоо бүр л "уйланхай" болсон байна лээ.Хаана хэнийх нүүх, хэнд туслах, субботник, нийтийн ажил гээд юм бүхэнд дунд нь тас тас хөхрөөд явж байдаг байсан хүн л дээ.Хүнд хоч нэр өгөөд тэр хүн рүүгээ намайг явуулж би учраа мэдэхгүй бацаан гүйж очиж тэр нэрээр нь дуудаж, өөрөө цаана нь инээгээд харж зогсдог янзын хүн байлаа.Амьдрал, алдаа оноо,алдар гавьяа нь илхэн, байгаагаараа л амьдарч ирсэн энгийнээс энгийн эрхэм ахдаа аз жаргал хүсье! Жүжигт тоглож байгаад тайзтайгаа нурж хүнд бэртээд олон жил эмнэлгийн орон дээр хадагдсан ч амьдралд бууж өгөөгүй, гавъяатын тэмдгээ Сэдэд багшийнхаа булшинд булна гэж аархаж томчуудад адлагдаж явсан,70 гаруй кинонд тоглосон гээд бичээд байвал олон зүйл бий ч нэг л дурсамжаар энэхүү бичиглэлээ өндөрлөе.Ж.Сүххуяг ах:
         -Намайг үхэл амьдралтай тэмцэж байхад аав чинь эмнэлэгт эргэж ирээд шилэн хаалганы цаанаас ээжийн чинь уруулын будгаар картон цаасан дээр дармалдаж бичсэн бичиг харуулсан нь надад босч ирэх хүч өгсөн юм шүү гэж уулзах бүртээ нулимсаа гялтагнуулан ярих.
"МИНИЙ МОНГОЛ КОРЧАГИН ҮХЭЖ Л БОЛОХГҮЙ ШҮҮ!"

Нэрт найруулагч Доржсамбуугийн хүү найруулагч  ЦОГТ