Ж.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг бууруулна

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, батлуулах чиг барьж байна гэв. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өгсөн юм

Ж.Эрдэнэбат: Төрийн албан хаагчдын цалинг бууруулна

 

 УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, батлуулах чиг барьж байна гэв. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өгсөн юм.

-Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг хасахаар тусгаж өгөх үү?

-Төрийн албан хаагчдад цалингийн бууралт хийнэ. Засгийн газрын зүгээс иргэдийг аль болох ажилтай байлгахыг хичээнэ. Эдийн засаг хүндэрсэн үед иргэд ажилгүй болох тусам хүнд дарамт үүсдэг. Тиймээс иргэдээ ажилтай байлгаж, тодорхой салбарууд дээр цалин бууруулах арга хэмжээг хийхээс өөр аргагүй байна. Цалингийн түвшин бага төрийн албан хаагчид дээр бууралт хийхгүй гэсэн баримталж байгаа.

-Стэнд бай хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу?

-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө нь бид Дэлхийн банктай хамтран ажиллаж л байсан.

-Нэг ам.доллар 2200 төгрөгт хүрлээ.  Ханшийг цаашид хэрхэн буулгах бэ?

-Хэд хэдэн учир шалтгаан бий. Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд тодорхой хэмжээний валютыг зах зээлд нийлүүлж байна. Гэхдээ 2013 онд валют огцом өсч байсан. Тухайн үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 3 их наяд төгрөг хэвлэж гаргасантай холбоотой байдаг. Тэгвэл энэ байдал өнөөдөр давтагдаж байна. “Сайн” хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн хүрээнд 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан. Бид валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой. Сүүлийн хэд хоногийн дотор дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь валютын нөөц нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. 

-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудалд засгийн газраас ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Барилга хот байгуулалтын яаман дээр салбарын сайдаар нь ахлуулсан ажлын хэсэг  байгуулагдсан. Ажлын хэсэг ипотекийн зээлийг  цаашид ямар хувилбараар олгож болох асуудлыг судлаж байна. Иргэдээс ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж өгөх, урьдчилгаа төлбөрийг багасгах, зээлийн хүүг бууруулах асуудлаар  санал хүсэлт маш их ирдэг. Энэ бүх асуудлыг бодлогын хүрээнд дахин боловсруулна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Монголбанкин дээр мөнгө хэвлэж  эх  үүсвэрийг цаашид шийдэх үү, байгаа боломжийн хүрээнд  үргэлжлүүлэх үү гэдгийг засгийн газрын түвшинд шийднэ.

-Эрх баригч нам мэргэжлийн засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эсрэг томилгоо хийгдлээ гэсэн шүүмжлэл явж байгаа. Та танхимын сайд нараа хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Манай засгийн газрын баг бүрэлдэхүүн бол сайн менежмент хийх чадвартай баг гэж би харж байгаа. Төрд тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай сайн менежмет хийнэ гэдэгт итгэлтэй  байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээлэл явж байна. Ийм асуудлууд дээр би тайлбар хиймээргүй байна. Ер нь МАН хуулиа дээдлэх замаар л томилгоогоо хийж байгаа.

-“Bank of china”-аас засгийн газар зээл авна гэсэн мэдээллийн тухайд?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нэгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of china” юм. Бид  эдгээр банкуудыг судлаж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана.

-Төсвийн тодотгол дээр төрийн өндөр албан хаагчдын зардлыг хэр багасагаж байгаа вэ?

-Төрийн өндөр, нам албан тушаал гэлтгүй бид хэмнэж, тэвчиж болох бүхий л зардлыг хэмнэх бодлого барьж байна. Бид төсөвтөө өөрчлөлт хийхгүй, тодотгол хийхгүй бол оны төгсгөл гэхэд төсвийн алдагдал ДНБ-ий 21 хувьтай тэнцэхээр байна. Мөн Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна. Төсвийнхөө алдагдлыг бууруулж, алдагдалгүй болгох, төсвөө эрүүлжүүлэх бодлогоо хэрэгжүүлнэ. Цаашдаа зөвхөн тогтворжуулах зүйл яриад байхгүй. Эдийн засгийг дэмжих, идэвхжүүлэх ажлуудаа ч хийнэ. Эдийн засгийг тогтворжуулах алхмуудыг хийсний дараа 2017 оны төсвийг батлуулахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжүүлэх бодлогуудаа давхар батлуулахаар ажиллаж байна.  

-Хавтгайрсан халамжуудыг багасна гэж та онцоллоо. Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгыг хэрхэх вэ?

-Хүүхдийн мөнгийг төсөвт тусгахдаа зорилтот бүлгүүдэд өгнө гэж тусгасан. Сонгуулийн өмнө хавтгайруулан өгснөөр одоо хүүхдийн мөнгө олгож чадахгүйд хүрээд байна. Төсвийн тодотголын хүрээнд  халамжуудыг тодорхой зорилтот бүлгүүдэд өгөх чиглэлийг засгийн газраас барьж ажиллана.

-Дотоодын үйлдвэрлэгчдийг засгийн газрын зүгээс хэрхэн дэмжин ажиллах бэ? 

-Үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийг өргөн барина. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан шалтгаан бол татвараа төлж чадаагүйтэй холбоотой. Тиймээс энэ нөхцөл байдлыг залруулах үүднээс Сангийн сайдад үүрэг өгсөн. Хувийн аж ахуйн нэгжүүдэд төрөөс очих дарамтыг бууруулах тал дээр ажиллана.