Монгол Улс-Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд мэндчилгээ дэвшүүлэв

Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав.

“Монгол-Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа Та бүхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн мэнд хүргэе.

Монгол-Вьетнамын харилцаа  дундад эртний үеэс эхлэлтэй бөгөөд түүхийн олон шалгуурыг даван туулж, жилээс жилд өргөжин дэвжиж, найрамдал, хамтын ажиллагаа улам бэхжиж ирсэн билээ.

Монгол Улс Вьетнам улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц боломжийг өндөр үнэлж, уламжлалт харилцаагаа чухалчлан үздэг. Манай орон уламжлалт түнш, эртний анд Вьетнам улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан түншлэлийн цар хүрээгээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль эрхүй зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг.

Вьетнам улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны цөөн орнуудын нэг нь Монгол Улс бөгөөд манай улс Зүүн Өмнөд Азийн орнуудас хамгийн анх Вьетнам улстай дипломат харилцаа тогтоосон юм. Вьетнам улсыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлд болон Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэхэд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход Монгол Улс, харин манай улсыг АСЕМ болон АСЕАН-ны бүсийн чуулганд элсэхэд Вьетнам улс дэмжсэн. Хоёр орны хооронд төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмол хийгдсээр ирсэн.

Зүүн Өмнөд Азид Вьетнам улсын нөлөө, байр суурь жилээс жилд нэмэгдэж буй энэ цагт үед өнгөрсөн 65 жилийн ололт, амжилтандаа тулгуурлан, хамтын хүчин чармайлтын үр дүнд, Монгол Вьетнамын найрсаг харилцаа, уламжлалт хамтын ажиллагаа цаашид улам тасралтгүй өргөжиж, хоёр орны ард түмний ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлийн дагуу бүх чиглэлээр эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны 65 жилийн түүхэн замналыг эргэн харж, ололт амжилтуудаар бахархахын зэрэгцээ хоёр орны түүх, улс төр, эдийн засаг, соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг мэндчилгээ дэвшүүлсний дараа Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнг нар мэндчилгээ дэвшүүллээ.

Хатагтай Доан Тхи Хыөнг үг хэлэх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагууд цаг зав, хүч хөдөлмөр гарган Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж буйд талархсанаа илэрхийлэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү: