"Монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарна"

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд энэ салбарт ажиллаж байсан үе үеийн төлөөлөл, хамтрагч түншүүд, олон улсын байгууллагын гээд 800 гаруй төлөөлөгч, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар  оролцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ,  “Монгол улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн өдөр тохиож байна.  БНМАУ-ын сайд нарын зөвлөл намын төвхорооны 1959 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хамтарсан тогтоолоор Сайд нарын зөвлөлийн дэргэд “Хөдлөлмөр цалин хөлсний товчоо”-г байгуулсан нь өнөөгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын анхны бие даасан бүтэц бий болсон гэж үзэж байгаа. Монголчууд цаг тооллоо жаран жаранд гэж тэмдэглэж ирсэн түүхтэй ард түмэн. Хөдөлмөр хамгааллын салбар өнгөрсөн жарны ололт амжилтаа дүгнэж, шинэ жарны  зорилгоо тодорхойлох энэхүү түүхэн арга хэмжээг Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойтой хамтатгаж тэмдэглэж байгаагаараа онцлогтой юм. Хөдөлмөрийн салбарт сэтгэл оюунаа зориулж хамтдаа хөдөлмөрлөсөн үе үеийн удирдлагууд ахмад буурлууд, одоо ажиллаж буй дунд залуу үеийнхэндээ энэхүү түүхэн ойн халуун мэндчилгээг дэвшүүлж байна.

Тэмдэглэлт ойн хүрээнд бид хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг иргэдэд таниулах үйлчилгээг улсын хэмжээнд 4 дүгээр сарын 30-нд зохион байгуулж, 52 мянган иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн талуудтай хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын эрдэм шинжилгээний хурал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар үндэсний чуулган, хөдөлмөрийн ажилтнуудын дунд ажил, мэргэжлийн уралдаан зэргийг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр бид салбарын түүхэн ойн хүрээндээ салбарын хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн цаашдын зорилтоо тодорхойлж ажил хэрэгчээр зөвлөлдөхөөр энд цуглаад байна” гэсэн юм.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, уригдан ирсэн нийт зочид төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улс маань зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших хугацаанд эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон чухал өөрчлөлтүүд гарчээ. Ирж буй 15 жилд ч мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа техник технологийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч, ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик ярьж байна.

Жишээ нь, хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгосон юм байна.

Харин бидний хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ. Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна.Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.

Өнөөдөр БНСУ-руу ажиллахаар явж байгаа манай улсын иргэдийн тоо 45-50 мянгад хүрсэн. Одоо АНУ, Япон руу ажиллах хүч илгээх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Эрүүл саруул, идэр залуу, юм хийж бүтээх насныхан маань гарч явсаар байгаа энэ урсгалыг бид зогсоох ёстой. Урд хөршийн хил дагасан аймгуудаас мал маллахаар малчид хил давж эхэллээ. Бид сайн сайхнаа ярьж байгаа ч саараа ярьж байж л урагшилна. Ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой. Гадагш ажиллахаар явж байгаа залуус эх орондоо дургүй, ажил хийх хийхгүй дургүй хүмүүс биш юм. Ажил олдохгүй, хөдөлмөрийн хөлс санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрөө үнэлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорьж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх.

Үүнээс улбаалсан сөрөг зүйлс олон байдаг. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, хүүхдийн хүмүүжил… гээд маш олон асуудал урган гардаг юм. Өнөөдөр 60 жилийн ойн хүрээнд зөвлөгөөнөө хийж сугаа шийдвэр гаргагчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсч байгаа учраас эдгээр зүйлсийг хэлж байна.

Монголын төр, Монголын Засгийн газар юм бол монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаараач ээ гэж дахин хүсмээр байна” гэлээ.

Энэ бол нийгмийн захиалгаар өөрөө хөгжиж байгаа салбар юм

Хөдөлмөр нийгмийн хамгааллын ахмад ажилтан Д.Жанцан, "Монгол тооллоор 60 жилд нэг үе эргэдэг. Хөдөлмөр нийгэм хамгааллын салбар 60 жилийн хугацаанд маш  их хөгжсөн. Маш олон тооны мэргэжилтэн, бодлого боловсруулагчид бэлтгэгдсэн.  Одоо энэ салбар эрдэмтэн мэргэд, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдээр бүрэн хангагдаж, орчин үеийн эдийн засгийн том салбар болсон. 

Хөдөлмөр цалин хөлсний товчоо 1050 онд байгуулагдахад 20-иод хүнтэй байсан бол өнөөдөр өнөр өтгөн айл болж, биеэ даасан яам, агентлагуудтай болж, орон нутагт салбар хэлтэстэй болсон. Энэ бол нийгмийн захиалгаар өөрөө хөгжиж байгаа салбар юм. 

Энэ салбарт ажиллаж байсан үе үеийн ажилтнууд одоо ажиллаж байгаа залуучууд, бодлого боловсруулагчиддаа 60 жилийн ойн мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан ажлын өндөр амжилтыг хүсье" гэж байлаа.   

Хөдөлмөр, нийгмийн салбарыг  олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх том зорилт бидний өмнө байна

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, "Зөвлөгөөнөөр бид өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэж байна. Юутай ч хөдөлмөрийн салбар үүргээ гүйцэтгэж монгол хүн ажилтай орлоготой, амь залгуулаад зах зээлийн  шилжилтийн хүнд үеийг даваад гарчихсан байна. Харин цаашид бид хөдөлмөр нийгмийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх том зорилт бидний өмнө байна.

Нэгдүгээрт бид хөлөмөр нийгмийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хийж байгаа. Тухайлбал хөдөлмөрийн хуулийг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж байна. Үүнийг боломж гарвал хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулмаар байна.

Дээр нь нийгмийн хамгааллын багц хуулийн төсөл, Мэдлэг боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчлэлт явж байна. Энэ хуулиудаар шинэ хөдөлмөрийн орчинд монгол хүнийг хэрхэн бэлтгэх вэ гэдгийг судлаад сайжруулах ёстой. Үүний зэрэгцээгээр аж үйлдвэрийн хувьсгал, энэ нь ирээдүйн ажил мэргэжилтэй холбоотой асуудал гарч ирээд байгаа. Тухайлбал тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийг баримталж, ирээдүйн ажил, мэргэжлийг хүндээ чиглүүлэх стратегийн зорилтыг тодорхойлоод байгаа. Одоо ажиллаж байгаа  ажилчид болон шинэ залуусыг яаж сургаж,  бэлтгэх, тэдний ажлын бүтээмж, цалин хөлс асар өндөр байна. Тэгэхээр энэ хүмүүсээ хэрхэн бэлтгэх чиглэлээр ажиллана. 

Дээрээс нь ерөнхийлөгч ажил хийж байгаа хүмүүсийнхээ орлогыг дээшлүүл, ажлын байрыг нэмэгдүүл гэдэг үүрэг өгсөн. Тиймээс монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарч ажиллана. Энэ бол бидний гол анхаарах ажил. "  гэв.

Х.Соёл