ХАБЭА-н Үндэсний чуулган төрийн ордонд болж байна

Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар МХЕГ-ын статистик мэдээгээр нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүтгэгдсэнээс 88 хүн нас баржээ. Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нийт 3143 хүн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хяналтад орж, 51 хүн шинээр оношлогдсон байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулж байгаа аж.

Чуулганд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцох аж.

Чуулганд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавихаас гадна ОХУ, БНСУ, Япон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүд өөрсдийн улс орны ХАБЭА-н сайн туршлага, ололт амжилтын талаар туршлага хуваалцана. Мөн чуулганд оролцогчдын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал”-ын талаар хэлэлцүүлгийг өрнүүлж цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачлага, мэдээллийг солилцох аж.