ЭМЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

Сэхээнд байгаа эрүүл мэндийн салбарыг сэхээрэл авуулах ямар ажил хийгдэх вэ

Эрүүл мэндийн салбарын сайд нь дэлхийгээр нэг тэмбүү гээд хашгирсан нь аялал жуулчлалын торгон мөчлөг дээр үүргэвчээ үүрээд монголыг зорих гэж ирсэн жуулчдыг үргээж орхисон гээд сошиалаар нэг шүүмжлэл дагуулж яваа. Монгол хүнийг эрүүл байлгахын тулд бүгдийг  хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан эрх барих хүчний толгойд нь сууж байгаа Топор харин Сарангэрэл сайдынхаа үйлдэлд өнөөдрийг хүртэл хариуцлага тооцсонгүй. Товчхондоо бол хамгийн чухал салбартаа анхаарал хандуулахаа байгаад удаж байгаа. Улстөрд гарамгай попчин эсвэл эрүүл мэндийн салбарын тухай А гэх анхны мэдлэггүй нөхдүүд энэ салбарыг тэргүүлэх болсоор удаж байгаа юм. Бэлгэвч сайд, бэлтгэл сайд, шанзчин сайд, шар дээлтийн авлигач сайд гээд энэ салбарын сайдуудын нэр бүгд л өмнөө зүүсгэлтэй болоод үлддэг нь гэм биш жам боллоо. Дээгүүрээ нэг иймэрхүү байгааг нь дуугүй өнгөрөх гэхээр доогуур нь бол хэрэг бишдэж жинхэнэ том асуудлууд ундарч байна. Монгол хүний эрүүл мэндийг мөнгө гэсэн ганцхан нөхцлөөр харах тийм л зэрлэг каптилизм энэ салбар улам бүр газар авч байна. Өнөөдөр улсын эмнэлэгт ажиллаж байгаа эрдэм чадалтай хэдэн эмч нар нь өглөө ажил эхлэхээс авахуулаад өдөр нэг хүртэл ажилладаг. Харин үлдсэн цагт нь өөрийнхөө байгуулсан эмнэлэгт мөнгө хөөгөөд ажиллах болсныг хэн хүнгүй л мэдэж байгаа. Иймэрхүү гажуудлаас гадна өөр нэг маш том гажуудал чимээгүйхэн мөртөө бусдын эрүүл мэндэд заналхийлэн бойжиж байна. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авдаг. Мэргэжлийн байгууллагаас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэх зэргээр тусгай зөвшөөрлийг олгохоос гадна иргэдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлийг нь ч зааж өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн салбарт тодорхой хязгаарлагдмал тусгай зөвшөөрөл авчихаад хязгааргүй эрх эдлэн хуулиас гадуур өнөөх тусгай зөвшөөрөлд нь байхгүй үйлчилгээ үзүүлж яваа эмнэлгүүд борооны дараахи мөөг шиг олшрох боллоо. Тухайлбал эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй “Lasante” эмнэлэг дээр хэд хэдэн ноцтой зөрчил илэрчихээд байгаа юм. Тусгай зөвшөөрөлд заагдаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн газруудыг мэргэжлийн хяналтын байгууллага нь тогтоочихоод байхад өнөөдрийг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллага гэх газар арга хэмжээ аваагүй явна. PRP гэх тариаг хүний цуснаас аваад буцаагаад тарьдаг юм байна. Гэтэл хоёр хүний хоорондох цусыг холиод өнөөх эмнэлэг маань үйлчлүүлэгчид тарьчихсан болж таараад байгаа юм. Энэ мэт бодитой ноцтой, төлбөр төлсөн үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэнд цаашлаад амь насанд нь заналхийлсан эмнэлгийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хаагаагүй байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаад шилжүүлсэн, хоёр хүний  цусыг холиод хийчихсэн явдлыг гэх мөртөө  өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь түтгэлзүүлээгүй хэвээр байна. Хуулийг гууль болгоод гуулийг алт болгож яваа энэ мэт бусармаг үйлдэлд асуудалтай байгаа эрүүл мэндийн сайд нь анхаарах ч завдалгүй яваа нь дамжиггүй. Тэгэхээр хэргийг шалгаж байна гээд л сунжруулдаг хохирогчийг залхаадаг, цаг хугацааны явцад замхруулдаг энэ мэт үйлдэл хэзээ зогсохыг хэлэхэд бэрхтэй. Цагдаагийн байгууллага шалгаад л байдаг дуусдаггүй, мэргэжлийн хяналтынхан дүгнэлтээ холбогдох газарт нь хүргүүлээд л байдаг таг. Гэтэл хариуцлагагүй эмнэлгүүд үйл ажиллагаагаа явуулсаар бусдын эрүүл мэндийг хохироосоор. Амь насаа алдахаас айдаггүй  ерөнхий сайдаас иргэд шударга ёсыг хүсэж байгаа. Тэгэхээр шударга бус нь дийлчихээд байгаа эрүүл мэндийн салбартаа шударга ёсны илдээ буулгаж хайрлана уу!!!