Амласан 1.8 тэрбумаа хэзээ өгөх вэ С.Амарсайхан дарга аа

Нийслэлийн ажил гацсаар. Хотын дарга томилгоотойгоо зууралдсаар сонгууль угтах нь ээ. Нийслэлийн МАН-ын зарим гишүүд хотын даргаас амлалтыг нь нэхээд хариуцлага тооцох юм бол эзэн ч үгүй болж таарах нь ээ.

 

 

Нийслэл Улаанбаатар хотын ажил амьдрал монголчуудын олонход хамаатай. Хүн амын тэн хагас нь амьдран суудаг Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлын хурд саарч, өмнөхөө үгүйсгэдэг ганцхан зарчимд шилжсэнийг хүмүүс гайхах болов. МАН-ын Удирдах зөвлөлийн бодлогоос зөрөн байж нийслэлийн ИТХ-ын дарга болсон С.Амарсайхан гэнэтхэн “намын бодлого” гэх хатуу хайрцаглагдсан хүчээр нийслэлийн Засаг даргын сэнтийд залраад багагүй хугацааг үдлээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн албан тушаалаараа далайлгасан хүчтэй “шахаа” түүнийг крандчихсан. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун намынхаа бодлого сөрж зогсоод, төлөөлөгчдийн олонхын санал авсан ч Хотын дарга болох хоншоор дутсанаас харахад С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар амиа тавихаас наагуур энэ албан тушаалд эзэн суусны цаад учир юу байв.

С.Амарсайхан дээрээс мундагдуулж Хотын дарга болмогцоо өмнөх Засаг дарга Су.Батболдын бүх ажлыг үгүйсгэхээс ажлаа эхэлсэн. Нийслэлийн агентлагуудын дарга нар халаа сэлгээнд өртөж, төв талбайн өмнөх зогсоолыг цуцалж, Яармагт барьж байсан Хотын захиргааны шинэ байранд нүүж орохгүй гэж зөрүүдлэв. Татвар төлөгчдийн өчнөөн тэрбум төгрөгөөр барьсан хотын захиргааны шинэ байрыг хэрхэх нь тодорхойгүй үлдлээ. Нийтийн тээврийг бэлэн бус төлбөрийн тогтолцоонд шилжүүлсэн шинэчлэл мөн л гацаж, зорчигчид бэлэн мөнгөө жолооч руу сарвайдаг болж хувирлаа. Иргэдийн хаяж үрэгдүүлсэн автобусны карт дахь 1.8 тэрбум төгрөгийн хуримтлалыг иргэдэд буцааж олгоно хэмээн нийслэлийн ИТХ-ын хуралдаан дээр С.Амарсайхан барин тавин хэлсэн байдаг. Гэвч түүний энэ үг 4 сар өнгөрсний дараа худал, хүмүүст таалагдах гэсэн шоу байсанд бухимдацгааж байна.

Хотын ажил ерөнхийдөө далайц багатай, олон нийтэд таалагдах гэсэн явуургүй хандлага руу аажмаар гулсан орж байгааг ч дурдахгүй өнгөрч боломгүй. Хотын дарга С.Амарсайханы дарга болгон дэвшүүлсэн зарим хүн хотын төвөөр автомашинтайгаа явбал төлбөр төлдөг байх “ухаалаг” санал гарган батлуулахаар зүтгүүлж эхэллээ. Улаанбаатарын түгжрэлийг бууруулах нь зөв ч иргэдийн халаасыг хоослох замаар ажил хийсэн болж харагдах гэсэн солиорлыг тэвчээд суух хүн хэр олон бол. Нийслэлийн иргэдийн орлогыг дээшлүүлэх, цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх нэг ч алхам хийгээгүй хэрнээ халаасыг нь тэмтрэх алхмуудыг эн тэргүүнд тавьж байгааг юу гэж ойлгох вэ. Аз жаргалтай Улаанбаатарыг бий болгоно гэж сонгуулиар амласан эрх баригч МАН-ынхан ардынхаа халаасыг элдэв татвар, хураамжаар тэмтрэх атлаа өөрсдөө тэрбумтан болтлоо баяжиж суугааг юу гэж ойлгох вэ.

Наадмын маргааш намар гэдэг. Удахгүй хүйтэн болж Улаанбаатарын утаа амилна. Түүхий нүүрсийг хотод түлүүлэхгүй гэж хориглох амархан ч сайжруулсан түлшээ гэр хорооллын бүх айлд хүргэж чадах уу гэх мэтчилэн маш олон асуулт байна. Харин хотын дарга С.Амарсайхан хааяадаа өөрийнхөө сонгогдсон Налайх руу гүйхээс өөр далайцтай ажил барьж авахгүй суусаар л байх уу. МАН-ын генсекээр крандуулж Хотын дарга болох амархан байж болно оо. Их хотын ажил амьдралыг зохицуулж, зоригтой шинэчлэл өөрчлөлт хийх харин амаргүй л дээ. Одоо өмнөх даргынхаа бөгсийг ухахаа больж Улаанбаатар хотын хур асуудлыг барьж авбал яасан юм бэ С.Амарсайхан дарга аа.