Тендергүй 1.3 тэрбумаар үлээвэр хөгжим “шахсан” хэргийг АТГ шалгаж эхэлжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын хэргийг илчилсэн бол 10 хувийг нь өгөх зохицуулалттай хуулийн төслийн талаар ярьж буй. Тэгвэл яг энэ асуудалд хамаарч болохуйц нэгэн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа ажээ.

 

Өвлийн хүйтэн, зуны халууныг эс тоо гудамж талбай гээд хаа хамаагүй тушаалаар тоглодог Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн ихээхэн баяртай байсан үе бол 2018 оны төгсгөл аж. Олон жил шинэчлээгүй хуучирч муудсан хөгжим зэмсгийг нь шинэчлэхээр болж 2019 оны нийслэлийн төсөвт 1.3 тэрбум төгрөг тусгасан юм байна. Энэ хөрөнгийг суулгаж өгөхөд дэмжлэг үзүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт ч хөгжимчид талархалтай хандаж байгаагаа удаа дараа илэрхийлж иржээ. Гэвч төсөв нь батлагдсан энэхүү ажил гацаж, Авлигатай тэмцэх газрын “үүд” сахиж байгаа ноцтой мэдээлэл байна. Юу гэхээр хуулийн байгууллагын “хаалга татаад” байгаа энэхүү тендерийн талаар Авлигатай тэмцэх газар иргэдийн өргөдлийн дагуу шалгалт явуулж эхлээд байгаа аж.

1.3 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Хуулиараа нээлттэй тендер зарлаж байж худалдан авалт нь явах ёстой. Гэтэл дунд шатны дарга нарын хутгасан будлианаар тендергүйгээр нийлүүлэгч компани нь тодроод буй бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар бараа нийлүүлэх жагсаалт гаргах, төсөв гаргахдаа одоо энэхүү барааг нийлүүлж буй “Профешнл-Арт” ХХК-тай хамтран зохиож гаргасан байна. Өөрөөр хэлбэл, ийм ийм хөгжмийн зэмсэг авна гэсэн жагсаалтаа захиалагч тал нь бараа нийлүүлэгчээр тодорсон “Профешнл-Арт” ХХК-тай хамт суугаад гаргасан бололтой. Ингээд зогсохгүй төсвийн хөрөнгөөр тендер зарлалгүй шууд худалдан авалт хийхдээ хөгжмийн зэмсгийг хүлээн аваагүй байж төсвийн урьдчилсан мөнгө олгосон байх магадлал өндөр байгаа аж. Мөн төсвийн зориулалтыг зохиомол нэрээр халхавчлан өөрчилж, олон нийтээс нуун далдалж хууль зөрчсөн байх магадлалтай талаар нь АТГ-т өргөдөл иржээ. Энэ хэргийн шалгалтын дүнг АТГ тун удахгүй олон нийтэд мэдээлэх биз ээ.