Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллав.

  • Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж,
  • Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8 аж ахуйн нэгж,
  • Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж,
  • Дээрх болон бусад хэсгүүдэд Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байна.

Хувийн аж ахуйн нэгжүүд төмөр замын далангийн ажил гүйцэтгэхэд тулгарч буй томоохон бэрхшээлгүй, дулаан цаг агаартай тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгж өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болжээ. Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байлаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл өндөртэй, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн, хүчийг нэмэгдүүлэх үүрэг, даалгавар өглөө.

Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна.

Тавантолгойн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын рейльс угсарч эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ажилласныхаа дараа ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв.