Түмний төлөөх “ХАШГИРААН”

Монгол улсын үндсэн хуулиас: Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна

Түмний төлөөх “ХАШГИРААН”

6-р сарын 19-ны өдөр иргэн Б. Болороо нөхөртэйгээ холбоо тасарсан байдаг. Нөхрийнх нь ажиллаж байсан компаний зүгээс Б. Болороо бүсгүй рүү, энэ оны 6-р сарын 20-ны өдөр залгаад нөхөр нь ажлын байраа орхиж явсан гэж мэдэгджээ. Хэрэг явдал үүнээс эхэлнэ.

Гурав хоногийн дараа Б. Болороо бүсгүй Цагдаагийн байгууллагад нөхрийгөө эрэн сурвалжлуулах хүсэлтээ гаргахаар очжээ. Гэтэл 6-р сарын 22 нд цагдаагийн байгууллагад хандчихаад долоо хонож байхад түүний нөхрийг нь улс даяар эрэн сурвалжлуулах зарыг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагч тавилгүй хариуцлага алдсан үйлдэл гаргав. Уг нь бол Б. Болороо бүсгүй 22-нд зар өгөх хүсэлтээ гаргасан ч хариуцлагагүй цагдаагийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж 7-н сарын 1-нд өнөөх зар нь хэл амтайхан тавигджээ. Нэг долоо хоног болоод оруулсан зар нь сэтгэцийн бэрхшээлтэй хүн гэж бичигдээд  саажилттай эхнэрийг нь бас дахин монголын төрийг төлөөлөх монголын цагдаа тохуурхжээ. Дахин сануулая. Оюун санааны хувьд бусадтай л адилхан, саажилттай гэдэг нь хөдөлгөөнөө хянаж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй монгол улсын иргэн гэдгийг нь цагдаагийн албан хаагч мартаж эсвэл будилж тохуурхсан.

Тэр бол хуулийн цоорхойг ашигласан хулгайч нарын бас л нэгэн золиос хохирогч болж байгаа бүсгүй. Түүнийг хэн ч тоохгүй бас түүнийг хэн ч ойлгохыг таван сарын турш хүсээгүй. “Хишиг арвин индустрал” ХХК-ийн  охин компани болох “Хишиг Арвин” ХХК –ийн зүгээс хохирогчийг хохироохоор хуулийн талаас нь холбогдох төрийн байгууллагуудаас дүгнэлт гаргуулсан нь Б. Болороогийн цуглуулсан баримтнаас илхэн харагдана. Тэр хардах эрхтэй. Ийм ч үндэслэлүүд байна.

  1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхдээ будилсан ээлжит нэг дүгнэлт.

Ингэж хардах хэд хэдэн үндэслэл байна. Хуульзүй дотоод хэргийн яамны харьяа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэж байгууллага бий. Уншигч танаа эрхэм зорилгыг нь хүргэе.

Эрхэм зорилго

Шүүхийн шинжилгээ явуулах эрх зүйн боловсронгуй орчин, оновчтой зохион байгуулалт, баталгаатай арга зүй, техник-технологийн дэвшлийг бүрэн ашиглах нөхцлийг бий болгон, хүний нөөцийн чадварлаг баг бүрдүүлснээр аливаа хэргийг шинжлэх ухаанч нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

            Баталгаат арга зүй техник технилогийг дээр суурилсан хүний нөөцийн чадварлаг баг бүрэлдэхүүн аливаа хэргийг шинжлэх ухаанч нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготой энэ хамт олны дотор саар зүйл их байна.

Эргэн нэг саная. Одоогоос хоёр жилийн өмнө энэ байгууллагын 13-хан настай охины нас барсан шалтгааныг дүгнэсэн дүгнэлт нь буруутгагдаж олон нийтийг бухимдуулж байлаа.  “Очир төв”. Гэр хорооллын дунд байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлж амиа алдсан 13 настай охинд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн задлан шинжилгээ хийж байлаа. Үхлийн толбо гэж бяцхан охины сэтэрсэн уруулыг дүгнэсэнд түүний эмээ нь гомдож байгаагаа хэлж олон нийт ч эмээтэй санал нийлж бухимдсан. “Лантуун дохио” ТББ –ын Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гадаа эсэргүүцлийн жагсаал хийж байсан нь ч саяхны л явдал. Ийм л дүгнэлтийг дахин давтагдлаа гэдгийг Болороо хэллээ. Таван жил ханилсан хань нь нэг ч удаа архи ууж байгаагүй гэдгийг нь хэлж байхад шүүх эмнэлгийн дүгнэлт нь асар их согтолттой гээд гарчээ. Тухайн дүгнэлтээс нь хамаараад бусад төрийн байгууллагууд нь дүгнэлтээ хийчихсэн байдаг юм.

                Хуульзүй дотоод хэргийн яамны харьяа энэ байгууллага нь эрхэм зорилгоосоо эсрэг дүгнэлт гаргадаг юм биш биз дээ гэсэн хардлага энэ мэт хэрэг дээр гаргасан дүгнэлтээс нь харахад улам бүр баталгаажна. Цагдаагийн ерөнхий газрын дарга С. Баатаржавын хийсэн урьдчилсан дүгнэлтээр ёс зүйн болоод хүний хувьд маш сайн хүн байсан гэдэг дүгнэснийг ч энд онцолчихоё. Талбай дээр суулт хийж байгаа. Б Болороотой ерөнхий сайд уулзах үеээр хамт байлцсан цагдаагийн дарга нь ийм л зүйлийг хэллээ.

  1. Хохирогчийн гар утсыг нь хулгайлж, хонгилд унахад нь нөлөөлсөн хүмүүс гэрч мөн үү?

Мядаг гэдэг эмэгтэй компанийхаа удирдлагуудыг байхад нь хамгаалагч нь лифт засдаг байсан гэж хэлж байжээ. Хамгаалагч нараараа байнга засуулдаг. Тухайн 6-р сарын 19-ны өдөр хохирогчид үүрэг даалгавар өгсөн хүн нь өөрөө лифт засахаар явсан гэдгийг хэлчихээд байхад л согтуугийн зэргийг нь тогтоочихсон байдаг нь бас л нэг хардлага төрүүлнэ. 2,4 промиль согтолтын зэрэгтэй хүн хоёр хөл дээрээ гүйгээд зогсохгүй лифтний хаалга онгойлгож байгаа бичлэг бий. Гэтэл өнөөх бичлэг нь хаалга нээгээд л харлаж орхино. Анхнаасаа бичлэг нь байсан бас өнөө бичлэг нь А хонгил руу унахаас хэдхэн секундын өмнө тасарсан тогноос болоод үргэлжлэн бичигдээгүй гэдэг үлгэрт хэн итгэнэ гэж. Энэ мэт үлгэр өнөөдөр үхсэнийг нь хохироогоод үлдсэнийг нь хэлмэгдүүлдэг гэдгийг монголчууд олон хэргийн олон жишээ нь дээрээс мэдэх болсоор удаж байгаа.

  1. Хамгаалагч хүн лифтчин хийх ажил үүргийн хуваарь хаана ч байхгүй буюу Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдэн будилсан дүгнэлт

Үйлдвэрлэлийн осол гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үнэхээр ойлгоход бэрхтэй. Хохирогч А нь “Хишиг арвин индустрал” ХХК д ажилд орохдоо хамгаалагчаар орсон байдаг. Гэтэл лифтчин хийгээд хүний эрүүл мэнд амь насыг аврах гэж яваад өөрөө осолдсон байгаа юм. 19 хоногийн дараа олоод хэзээ үхсэнийг нь тогтоож чадаагүй төрийн байгуулагууд хэдэн сарын дараа гэнэт л дүгнэлт шийдвэр гаргаад хэргийг хаахаасаа өмнө яагаад албан тушаалын байдлаа буруугаар ашигласан ажлын байрны тодорхойлолтоос өөр зүйл хийлгэсэн гэдгийг шалгахгүй байгаа нь улам бүр сэжиг таамаг төрүүлнэ. Б. Болороо бүсгүйн хувьд ч энэ л сэжиг таамгаа алга болгохын тулд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн гаргасан Үйлдвэрлэлийн осол гэдэг дүгнэлтийг дахин нягтлуулахыг хүсэж байна. Түүнд ийм эрх бий.

  1. Но-той камерын бичлэг ноцтой баримтыг нуун дарагдуулж байгаа юм биш биз.

Чухамдаа камерын бичлэг байсаар байтал бүхэл бүтэн сарын дараа өнөө бичлэгийг цагдаагийн байгууллага хурааж авсан. Түүнийгээ ар гэрийнхэнд нь бас л сарын дараа мэдэгдсэн байдаг. Үнэхээр л хууль хяналтын байгууллагад итгэхэд бэрх болжээ. Б. Болороо бүсгүй би хэргийн талаар мэдээлэл цацахгүй байхыг үүрэгдсэн цагдаагийн албан хаагчийн үгэнд орсноороо нас барсан нөхрөө гүтгүүлэх хэмжээний үйл ажиллагааг дэмжсэн болж таарч байна гэж нулимс дуслуулан хэлэхийг харсан хүн бүхэн хууль шүүх нь хэрхэн ажиллаж байгаад дүгнэлт хийсэн гэж эрхгүй бодогдоно. Ийм л байдлаар нөхрийг нь согтууруулах ундаа хэтрүүлэн ажлын байран дээрээ хэрэглээд өөрийнхөө буруугаас болоод амь насаа алдсан гээд хэргийг хаах гэж байгаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг нь татаад Улсын мөрдөн байцаах газарт шалгуулах хүсэлтээ Б. Болороо бүсгүй төрөөс шаардаж байгаа. Энэ бол таньд хүргэхийг хүсэж байгаа Б. Болороо бүсгүйн өөрөө цуглуулсан өөрт нь олдсон баримтууд. Илт ийм л хэрэг явдал дээр мөрдөн байцаагч шүүх эмнэлгийн ажилтан мэргэжлийн хяналтын байцаагч нь мэдэн будилж байна.

Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ гэсэн чинь хаана байна ерөнхий сайдаа.

Таван сар сэтгэлзүйгээрээ хууль хяналтын байгууллагынхан болон мөнгөтэй хувийн компаниар тоглуулсан бүсгүйг гарч ирээд тэврэх бол нэг хэрэг. Түүнийгээ олон нийтэд мэдэгдэхээр хэвлэл мэдээллийг дагуулж очих бол бүр ч өөр өнцөг өөр харагдаж байгаа хэрэг. Харин тухайн асуудалтайгаар холбоотойгоор Хуульзүй дотоод хэргийн сайд Нямдоржийг дуудаад хэргийг үнэн зөв шийд гээд үүрэг даалгавар өгөөд шийдвэрлэсний дараа Б. Болороо бүсгүйд дуулгасан бол та хэлсэндээ хүрдэг шударга ёсны төлөө тэмцэгч болж харагдах биз ээ. Улстөрчдөд байдаг эерэг үнэлгээ авах гэсэн бас л нэгэн тоглолт явчихсан уу гэж харагдахаар байгаа юм. Таны багийнхан сошиалд энэ асуудлыг сэвэхээсээ өмнө бас л зөв бурууг нь тогтоох тодотгох хэрэгтэй.

Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ гэсэн чинь хаана байна Хуульзүй дотоод хэргийн сайдаа

Хууль чинь нүдний өмнө гууль болоод байгааг олон асуудал баталсан. Оймсноосоо төрийн албан хаагчид чинь авлигын мөнгө гаргаж ирээд байхад хуульзүй дотоод хэргийн сайд таг чимээгүй л байсан. Эрүүгийн хуулинд орсон хөөнө хэлэлцэх хугацааг томоохон хэргүүд хамрагдахаар болсны дараа эрхэм сайд та хуулийн төслийг өргөн барьсандаа өнөөдөр ч тайлбар хийгээгүй. Харийн улсад монголынхоо нэрийг гутаасан үндсэн хуулийн цэцийн даргыг өмгөөлж эхнэр хүүхэд ээжид нь хүнд байгаа гэж хэвлэлийнхний өмнө өмгөөлнө билээ. Жаахан жудагтай монгол хүний уужуу сэтгэлээр хандахыг зөвлөсөн. Тэгвэл илтэд хэрэг нь буруу тийшээ эргэсэн Б. Болороо бүсгүйн асуудал дээр та өнгөрөгч хугацаанд яагаад дуугарсангүй вэ???

                С. Зоригийн хэргийн яллагдагч нарыг хуулийн хохирогч болсон тэднийг цагаатгах учиртай. Эрүүдэн шүүсэн нь тодорхой бичлэг байна гэж та ярьдаг. Тэгвэл эв эрүүл хоёр хөл дээрээ гүйгээд явж байгаа иргэн А –гийн хохирсон бичлэг нь байхад 2,4 промиль  согтолттой гэж дүгнэсэн шүүхийн шинжээч нартайгаа ямар хариуцлага тооцох вэ?

                Ядарсанд нь хатуу задарсанд нь зөөлхөн байдаг хуулийн тогтолцоог шинэчлэх ажлын дээд сэнтийд нь заларч байгаа таны харьяаны задарсан албан хаагчдад заасан дүрэм журмынх нь хүрээнд хариуцлага тооцохыг түмэн олон хүлээж байна.

                Б. Болороо ерөнхий сайдад хандаж хатуухан үг хэлснийг хуулийг гууль болгодог төрийн албан хаагчид дарга нар дор бүрнээ бодож сэрэх цаг нь болсон. Нэгэн гэр бүлийг зургаан сар хууль хяналтын байгууллага нь хуулийн дээр гараад суучихсан компанитай нийлээд сэтгэл санааны хохирол үзүүлчихээд байхад арав хоног гудамжинд сууж эсэргүүцэл илэрхийлсний дараа гарч ирэх байсан юм уу??? Яагаад эхнээсээ зөв шударгаар явж байгаа иргэн хохироод эцэст нь гудамжинд гарч үгээ хэлэх ёстой гэж. Б. Болороо бүсгүй эрхээ зөрчүүлж энэ нийгмийн гажуудал гажиг тогтолцооноос болоод хохирч байгаа зуу зуун хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мянга мянган ард түмний төлөөлөл гэдгийг бодно биз ээ.  Монголын хуулиас Монголын төрөөс тэр ганцхан л зүйл шаардаж байгаа. Та бүхний хэлдэг шударга ёсыг. Ханийнхаа нэрийг цэвэрлэж ясыг нь өндөлзүүлэхгүй байхыг л тэр хүсэж яваа Б. Болороогийн хүсэл бол энэ.

Монгол улсын үндсэн хууль хоёрдугаар бүлэг хүний эрх, эрх чөлөө: 14 зүйлийн 1. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.