С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат казинод орсон, тоглоогүй гэж хэлсэн

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдийн зарим асуултанд хариулт өглөө.

-АН-ын зөвлөл өнөөдөр хуралдсангүй. Зөвлөлийн дарга казинод тоглосон эсэх тухай яригдаж байна?

-АН-ын зөвлөл тогтсон хугацаандаа хуралдаж байгаа. УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдах эсэхээс хамаараад өнөөдрийн хурлыг хойшлуулсан. Энэ хурлын шийдвэр гарсны дараа АН-ын зөвлөл ямар шийдвэр гаргах талаар ярилцах учраас хурлыг хойшлуулсан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг казинодсон энэ тэр гээд янз бүрийн юм яригдаж байна. Одоогоор мэдээлэл тодорхой биш учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй байна. Өглөө зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат гишүүнтэй ярьсан. “Казинод ямар нэгэн тоглолт энэ тэр хийгээгүй ээ. Сонирхоод ороод гарсан нь үнэн” гэж хэлсэн. Ер нь бол  сонирхоод ороод гарах бол хувь хүний асуудал. Харин бооцоо тавиад тоглосон нь үйлдлээрээ байгаа бол ямар хууль дүрэм ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн бэ гээд хуулийн хүрээнд яригдах байх. Хаацаалаад байгаа юм бол байхгүй. УИХ-ын гишүүн гадаадад ямар ч байгууллагаар ороод гарч болно. Хязгаарлалт тавьсан юм байхгүй. Хэрвээ тоглосон нь тогтоогдвол намынхаа харьяаллын дагуу газарт нь асуудал тавина.

-АН-ын даргын зүгээс өнөөдөр УИХ-ын даргад санал хүргүүллээ?

-Монгол улсын 3 сая иргэний төлөөлөл УИХ-д орж байж, тэдний асуудлыг шийдвэрлэх шийдвэр гаргаад явдаг. Гэтэл хүн төлөөлөх гээд байгаа юм уу, газар нутаг төлөөлөх гээд байна уу гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болж. Хүн амын бараг 50 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна. Тиймээс төлөөллийн асуудлыг зөв тогтоох ёстой. Нийслэлийн 28 мандатаас 4 мандатыг аваад нэг тойрогтой аймгуудад шилжүүлнэ гээд байдаг. Хэрвээ ийм шийд гарвал нийслэл 24 мандат аймгууд 52 мандаттай болох нь. Яагаад ч ийм шударга бус байж болохгүй ээ. Хүн амын 60 хувь Улаанбаатарт амьдарч байхад нийт мандатын гуравны нэг ногдож байна гэдэг шударга бус. Төлөөллийн зарчим ч алдагдаж байна. Хөдөө 15-20 мянган хүн нэг төлөөлөлтэй байхад Улаанбаатарт 40-50 мянган хүн нэг төлөөлөлтэй байна. Ядахдаа одоо байгаа мандатын тоогоо хэвээр үлдээж, хөдөө орон нутгийн 48 мандат дотроо хуваарилалт хийгээч ээ гэсэн байр суурьтай байгаа юм.

-Эрх баригчдын зүгээс хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл АН өгч байгаа. Энэ тухайд?

-Эрх баригчид нийслэлчүүдээс, мэдээлэлд ойр байгаа иргэдээс айж байгаа. Эрх баригчид дандаа л хууль зөрчиж байдаг. Ард түмнийг гоё сайхан үгээр хуурч байдаг. 2016 онд эдний чихэр бурам шиг амлалтаас хэрэгжсэн нь хаана байна. Хуулийн засаглал тогтооно гэсэн нь хаана байна. Хууль зүйн сайд нь өөрөө гэмт хэрэгт холбогдчихсон байна. Ерөнхий сайдын дүү, эрх баригчдын садан төрөл ямар нэгэн хэрэгт орооцолдчихсон байхад хэн шалгаж, хариуцлага тооцож байгаа юм бэ. Уг нь манай улс чинь хуулийн засаглалтай шүү дээ.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-аас нэр дэвшинэ гэдэг үнэн үү?

-Одоогоор О.Баасанхүү гишүүнтэй ямар нэгэн байдлаар ярилцсан зүйл алга. Намын Ротаци явагдаж байгаа. Тэнд бүртгүүлэх гээд явж байсан сураг байсан.

-УИХ-д нэр дэвшигчдээсээ татвар хураамж авна гэдгээ АН өмнө нь зарласан. Энэ шийдвэр хэвээр мөрдөгдөх үү. МАН-ын хувьд арай өөр байр суурь илэрхийлсэн ?

-Нэр дэвшихийг хүссэн гишүүдээсээ урьдчилгаа татвар авна гэдгээ зарласан байгаа. Сонгуулийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах зардлыг хаанаас гаргах юм. Төсвөөс юмуу эсвэл авлигаас уу. Аль ч улсад сонгуулийн эх үүсвэрээ дэмжигчдээс босгодог. Эрх баригч намын хувьд эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлэх нь тодорхой биш байна.