З.Энхболд: УИХ-ын гишүүн казино судлах шаардлагагүй байх

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын гишүүд казинод тоглосон асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултанд ийн хариулсан юм.

-Гишүүд казино тоглосон асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хэдэн сарын өмнө төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулаад казино тоглосон бол ажлаас халдаг болоод хэд хэдэн төрийн албан хаагчид хариуцлага тооцсон. Тэр жишгийн дагуу арга хэмжээ авах байлгүй дээ. УИХ-ын гишүүн ч гэсэн төрийн албан хаагч шүү дээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм бол төрийн албаны хуульд нийцэж гарч байгаа. УИХ-ын гишүүн бол төрийн онцгой албан хаагч биш. Ардын намын Засгийн газар, УИХ нь энэ дүрмээ хэрэгжүүлээд явж чадах нь уу, харья.

-Танай намын гишүүд ч холбогдсон?

-Д.Эрдэнэбатын зураг мөн гэж та нар хэлээд байна. Би бол арай өөрөөр харсан. Хэрвээ үнэн бол хуулийн дагуу л явах ёстой.

-УИХ-ын гишүүн казиног судлахаар явж байх нь зөвшөөрөгдсөн зүйл үү?

-Казиног судлахаас бусдаар УИХ-ын гишүүд орж болохгүй гэсэн дүрэм байхгүй биз дээ. Тэгэхээр казиног судлах шаардлагагүй байх.Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай яригдаж байгаа учраас УИХ өөр дээрээ ярих ёстой.

-Та улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авах ёстой гэж байсан. Энэ ажил ямар шатандаа байна вэ?

-Зөвхөн цагаан суварга биш. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улс өөрийнхөө мэдэлд авах ёстой. Энэ ажлыг Ардын намын Засгийн газар хийхгүй гурван жил боллоо. Тухайн хувийн компани эрсдэлээ хийж, ордыг олоогүй учраас улсын мэдэлд авах ёстой. “Рио Тинто” шиг өөрөө эрсдэл хийгээд олчихсон бол Ашигт малтмалын тухай хуулиар явна. Хуулиа Ардын намын Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна.

-Та УИХ-д нэр дэвших үү?

- Дэвшиж л таарна шүү дээ. Би чинь сайдын зиндааны албан тушаалтай. Ажлаа хийнгээ дэвшиж болдог улс төрийн албан тушаалтан.

-Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчихөөс өөр аргагүй боллоо гэсэн. Хууль зөрчөөд явж байх нь зөв үү?

-Энэ чинь шинэ зүйл биш шүү дээ. Одоо тэгээд хуулиа зөрчөөд л явж байхаас. Улаан гэдэг гишүүн нь алга болчихоор ингээд хуулиа зөрчиж болж байна. Заавал бүрэн бүрэлдэхүүнээр хуралдана гэсэн зүйл байхгүй байлгүй бодоход.Улаан байхгүй гэдгээд шалтаглаж байгаа байлгүй дээ.

-Тэтгэврийн зээл тэглэх асуудал хэзээ эцэслэж шийдэгдэх вэ?

-Тэтгэврийн зээл тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр 12 дугаар сарын 18-нд гарсан. УИХ, Засгийн газар үүнийг хэрэгжүүлэхээр болсон. Түргэн шуурхай  хэрэгжүүлэх байлгүй дээ.

-УИХ өөрөө хуулиар зөрчсөөр байгааг та хэрхэн тайлбарлах вэ?

-Ерөнхийлөгч энэ их хурал туйлын бүтэлгүй УИХ байна, Тараач ээ гээд гурван удаа бичиг явуулсан. Тараагүй л байна.

-Та нэр дэвшихээр хандиваа цуглуулж эхэлсэн үү?

-Одоо Энхболд бол мөнгө цуглуулж болохгүй. Нэр дэвшигчийн үнэмлэхээ аваагүй байна. Тэгэхээр АН нэр дэвших бодолтой хүмүүсийг улстөрийн намын тухай хуулийн дагуу иргэн хүнээс нэг сая, байгууллагаас 10 саяын хязгаар дотор хандив цуглуулж өгөхийг хүсч байгаа. АН-ын хувьд хандив. Тэрийг нь би хандивлахгүй. Намайг гишүүн болгоё гэж бодож байгаа улстөрийн намд хандив өгөх хуулиар зөвшөөрөгдсөн, монгол улсын иргэн, аж ахуйн нэгжээс өгнө. Би уриалж хандиваа төлсөн. 2 дугаар сарын нэгэнд дараагийн 30 саяыг төлөх байх. Ер нь хандивгүйгээр дэлхийн аль ч улсад сонгууль явагддаггүй. АНУ-д нам дотроосоо Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэгч тодруулах сунгаа явагдаж байна. АНУ-ын Ардчилсан намаас сунгаад оролцогчиддоо тэдэн сарын тэдний дотор тэдэн долларын хандив цуглуул, чадахгүй бол дараагийн сунгаанд оролцохгүй гэсэн шаадлага тавьсан. Тухайн хүнийг дэмжиж хандив өгөх хүн олон байх тусам сонгуульд ялах магадлал өндөр. Энэ бол дэлхийн жишиг.Түүнээс хувиасаа мөнгө төлөөд сонгуульд ордог хүн энэ дэлхийн хамгийн тэнэг хүн болно.Тэгэхээр ямар зардлаар сонгуульд орж байгаагаа нэгд нэгэнгүй тайлбарлах ёстой.Намд хэн ямар хандив өгөв гэдгийг илэн далангүй дэлгэх ёстой. Ардын нам харин хандивгүй сонгуульд оролцоно гэвэл хардах үндэслэл.

-Та Ардчилсан намын сонгуулийн штабыг удирдах уу?

-Ардчилсан намын дарга нь өөрөө штабаа удирдана.Би бол жижиг сажиг ажил хийнэ. Хөдөө явчихвал ямар ч хамааралгүй болно байх.