Ц.Нямдорж: Прокурорт туршлага дутсан гэж харсан

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 48 цагийн дотор хуулийн дагуу хэлэлцэх ёстой гэж байгаа ч тус хорооны гишүүдийн ирц хүрэхгүйн улмаас хуралдаж чадахгүй байна. Тиймээс асуудлыг хэзээ хэлэлцэх талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “УИХ-ын гишүүн Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн ирц бүрэн эсэхийг мэдэж байж прокурор асуудлыг тавих ёстой. Лүндээжанцан гишүүнийг байхгүйг мэдсэн шүү дээ. Прокурорын зүгээс адгасан бас туршлага дутсан гэж харж байна.Номтойбаярын зүгээс санал ирүүлсэн. Түүний хүсэлтийг дэд хороонд танилцуулна. Гэхдээ хүсэлтийг хүлээж авах эсэхийг Номтойбаяр мэддэггүй юм. Номтойбаярын хэлснээр нээлттэй хэлэлцэнэ гэж байхгүй. Прокуророос нууцын зэрэглэлтэй гээд тамгатай орж ирсэн. Нууцын зэрэглэлтэй хэлэлцэнэ. Сайд байсан асуудалтай нь холбоотой, ордонд болсон хэрэгт худал мэдүүлэг өгсөн бас сүүлд нь сэтгүүлчдэд баахан юм ярьчихсан тухайд нь гурван асуудал байсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.