Ж.Батхуяг: Полиграффын дүгнэлтээр УИХ-ын нэр бүхий гишүүн сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн хуралд түүний хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг, хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг нар оролцлоо.

 Хуульч, өмгөөлөгч Ж. Батхуяг “2019 оны 05 дугаар сарын17-ны өдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Батхүү зуурдаар нас барсан. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 8 сар боллоо. Гэвч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрийн зүгээс албан ёсоор мэдээлэл хийгээгүй байхад хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим хуудсаар янз бүрийн мэдээлэл гарсан. Хэргийн үйл явцын талаар, нотлох баримтын хувьд гээд л. Ар гэрийн зүгээс аливаа мэдээлэлд хүлээцтэй хандсан. Харамсалтай нь сүүлийн үед энэ хэргийн талаар улстөржүүлэх, улстөртэй холбох байдал ихэслээ. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг олон нийтэд ил болгоё.

Нэгдүгээрт, энэ хэрэг дээр Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт эцэслэж гарсан. Дэлгэрэнгүй уншиж танилцуулах боломжгүй ч анхаарал татсан зүйлсийг хүргэе. Дүгнэлтэнд, талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Хоёрт, задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0,5 см урттай улайлт үүссэн. Боолтын улмаас үүссэн байж болзошгүй улайлт. Талийгаачийг өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан.

Энэ хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүнээс  полиграффын тэст авсан. Дүгнэлтэнд, “асуусан асуултанд хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэсэн байна. Мөн хэргийн газрын үзлэгийн явцад талийгаачийн ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Гар утсанд хийсэн үзлэг шинжилгээний дараа хохирогчид хүлээлгэн өгсөн. Гар утсыг аваад шинжилгээний дүгнэлттэй танилцахад ямар ч мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс шинэ гар утас худалдан авахад ямар байдаг билээ. Тийм байдалтай болсон байсан. Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэр рүү нэр бүхий этгээд мэссэж бичсэн.

 “Би харсаан. Надад 13 секундын бичлэг байгаа. Мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн энэ хэргийн талаар  “би мэдэхгүй хараагүй” гээд өөр хэрэгт шалгагдаад явж байгаа юм цагдаад. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх эмнэлэгтэй холбоотой янз бүрийн асуудал байсан. Талийгаачийн ар гэрээс тавьсан хүсэлтийг хүлээж аваагүй. Шинжилгээг дутуу хийсэн байдал ажиглагдсан. Гар утасны хувьд мөрдөгч эхлээд гадаргуу дээр ямар нэгэн хурууны хээ байна уу гэдгийг эхлээд тодорхойлох ёстой байтал дотрыг нь шалгах хэсэг томилчихсон байна. Иймэрхүү эргэлзээ дагуулсан асуудал олон байгаа юм” гэлээ.

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг энэ хэргийн талаар “Намайг Батхүүгийн Ганхөлөг гэдэг ууган хүү. Дүү маань хамт ирсэн байна. Бид хоёр гэр бүлээ төлөөлж, анхны албан ёсны мэдэгдэл хийж байгаа юм. 8 сар гэдэг бидний хувьд маш урт хугацаа. Дөрвөн настай үлдсэн бага дүү минь бий. Маш хүнд байдалтай байгааг та бүхэн ойлгож буй байх. Цоо эрүүл аав минь өглөө гэрээсээ гараад төрийн ордон руу ажлын хэсгийн хуралд суухаар явсан. Гэтэл эргэж ирсэнгүй. Аав минь гадны нөлөөтэй нас барсан гэж бидний зүгээс үзэж байгаа. Өндрөөс унасан хүн заамдалтын улмаас үүссэн улайлт, нүдний ясны гэмтэлтэй байхгүй. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн төрийн хамгаалалттай Төрийн ордон дотор амь насаа алдчихаад байхад өнөөдрийг хүртэл ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Монгол Улс төртэй, шүүх засаглалтай улс. Тиймээс аавын минь нас барсан энэхүү хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй хүлээж байна” хэмээн ярьсан бол охин Б.Цэлмэг “ Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэв.