Д.Сарангэрэл: Корона вирусын өвчлөлөөр БНХАУ-д нас барсан хүний тоо 25 болсон

ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд байгаа корона вирусын өвчлөлөөс хамгаалахын тулд салбарын яамны зүгээс хэрхэн ажиллаж байгаа талаар товч мэдээлэл өглөө.

-Сургууль цэцэрлэгт хөл хорио тогтоох тухай иргэдээс санал гарсаар байна. Эрүүл мэндийн яамнаас энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Томуу төст өвчний амбулаторын үзлэгт эзэлж байгаа хувь 15-аас дээш гарсан тохиолдолд хөл хорио тогтоох хүртэл арга хэмжээ авдаг. Одоогийн байдлаар тийм хэмжээнд очоогүй байна. Өмнө нь 10 хувьд хүрлээ гэж үзсэн учраас 7 хоногоор сурагчдын амралтыг сунгасан.

-Корона вирусын өвчлөлийн талаар та бүхний зүгээс хэрхэн мэдээлэл авч, олон нийтэд хүргэж байна вэ?

-2020 оны 01 дүгээр сарын 06-наас эхлэн ЭМЯ короно вирустай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх сэрэмжлүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохионй байгуулж байна. Корона вирусын асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь БНХАУ-тай байнга хамтран ажиллаж,  шинэ вирусыг илрүүлэх оношлох эмчлэхэд анхаарч ажиллаж, БНХАУ-ын зүгээс ДЭМБ-д мэдээллийг үнэн зөв тасралтгүй өгч байгаа хэмээн манай улсад мэдээлэл өгч байна. Миний бие болоод Монгол улсад суугаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч хамтран Ази номхон далайн захиралтай шууд утсаар холбогдож мэдээлэл авсан. Өнөөдрийн 10 цагийн мэдээллээр 815 хүн БНХАУ-д энэ вирусын халдвар авсан байна. Нас барсан хүний тоо 25. Дэлхийн зургаан оронд халдвар авсан тохиолдол батлагдсан. ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр энэ вирусын үүсэл тодорхой болоогүй байна. Урьдчилсан байдлаар могой, минж, дорго, сарьсан багваахайнаас гаралтай байж магад л гэсэн мэдээлэл байна.

-Корона вирусын өвчлөлийн үед эмчилгээний аргачлалын талаар тодорхой мэдээлэл өгч байгаа юу?

-Улс орнуудад энэ бол шинэ вирус. Одоогийн байдлаар тодорхой эмчилгээ вакцин алга.  Корона вирусын халдварын шинж тэмдэг нь томуу , томуу төст өвчинтэй ижил байгаа учраас энэ өвчний эмчилгээний заавар эмнэлзүйн удирдамжаар ажиллах ёстой гэсэн зөвлөмж өгч байна. Манай улсын хувьд 21 вирусыг илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Халуурсан, уушигны өвчлөлийн тохиолдол илэрвэл шинжилгээ аваад 21 вирусээс өөр вирус илэрвэл тусгаарлаж, яаралтай эмчилгээний арга хэмжээ авна. Одоогийн байдлаар  тусгаарласан хүн бол  галт тэргэнд явсан халуурсан хятадын иргэнтэй нэгдүгээр хавьтлын хүн байсан учраас хэдийгээр шинж тэмдэг илрээгүй ч  олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу тусгаарлаад 24 цагийн дотор гардаг вирусын шинжилгээний хариуг хүлээж байна. Тухайн орчуулагч иргэнд халуурсан, уушигны өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй. Хил гаалиар орж ирж байгаа халуурсан тохиолдол бүрийг шинжилгээнд оруулж, тусгаарлаж байна.

-Манай холбогдох байгууллагууд хэрхэн мэдээлэл солилцож хамтарч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан байгууллага хооронд хэрхэн хамтран ажиллах тухай тушаал байдаг. Энэ дагуу хамтарч ажиллаж байнга мэдээлэл солилцож байна. Өдөр бүр ЭМЯ, ДЭМБ-тай хамтарч ард иргэддээ мэдээлэл өгнө өө.