Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 2-ныг хүртэл хаалаа

Улсын онцгой комисст Эрүүл мэндийн яамнаас гурван санал оруулж шийдвэрлүүллээ.

Нэгдүгээрт,  Корона вирусын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 02-ныг хүртэл Сургууль цэцэрлэгийг үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан хаах,

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээний нөөцийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах санхүүжилтийг шийдвэрлэх

Гуравдугаарт, урд хөрштэй хиллэдэг хилийн боомтыг тодорхой хугацаанд хаах  санал Эрүүл мэндийн яамнаас Онцгой комисст оруулсан. Улсын онцгой комисс эдгээр асуудлыг хэлэлцээд хүлээн авч шийдвэрлэхээр болсон байна.

Харин хилийн боомт орчмын бүсийн хөдөлгөөнийг түр хязгаарлахыг Засгийн газар шийдвэрлэдэг учраас хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх боллоо.

Өчигдөр Замын-Үүдийн гаалиар орж ирж байсан Хятад улсын хоёр иргэнийг халуурсан байдалтай байсныг хилээр оруулалгүй буцаасан бөгөөд хоёр иргэний нэгээс корона вирус илэрсэн учраас Монгол улсын нэгдүгээр зэргийн хавьталтай нэг иргэнийг тусгаарлан вирусын шинжилгээ хийсэн. Өнөөдөр орчуулагч гэгдэж байгаа хүний шинжилгээний хариу гарч ямар нэгэн вирус илрээгүй гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ. 

БНХАУ-д корона вирусын халдвараар өвчилсөн хүний тоо 887 болж нас барсан хүний тоо 26 болсон байна.