Корона вирусын халдварын улмаас нас барсан хүний тоо 106 хүрээд байна

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн олон оронд тархаад байгаа шинэ төрлийн корона вируст халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Цогтбаатар: 2020 оны 02 дугаар сарын 28-ны мэдээллээр дэлхий нийтэд шинэ төрлийн корона вирусын халдвараар өвчилсөн хүний тоо 4474, нас барсан хүний тоо 106 болсон. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796 байна. Бээжинд 50 настай эрэгтэй хүн нас барсан гэсэн мэдээлэл ирсэн.

Монгол Улсад шинэ корона вирусын халдвар бүртгэгдээгүй. Энэ сарын 9-27-ны хооронд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан. БНХАУ-д зорчсон  халуурсан хүмүүс байсан. Эдгээр хүний заримаас томуу томуу төст өвчний вирус илэрч, корона вирусын халдварын онош үгүйсгэгдсэн. Олон улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хятадын эрүүл мэндийн хороо, Хятадын өвчний хяналт сэргийлэлтийн төв, Синьхуа агентлагаас баттай мэдээлэл өгч байгааг анхаарна уу.

Өнөөдрийн байдлаар  манай улсад халуурсан, уушгины хатгалгаа туссан гурван тохиолдолд тусгаарлан шинжилгээ аваад байна. Хонконгоос ирсэн 2, Өмнөговь, Булган, Хэнтийд гэсэн тохиолдлыг тодорхойлохоор холбогдох шинжилгээг авсан. Шинжилгээний хариу эцэслэхээр тухай бүрт мэдээлэл өгнө.

2019 оны жилийн эцсээр уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 78140 тохиолдлоос нас барсан 431 бий.

Мөн бүтээгдэхүүн нөөцөлж үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэх шаардлагагүй гэдгийг анхааруулмаар байна.

Эм ханган нийлүүлэх байгууллагууд 45-60 хоногийн нөөц бүрдүүлж ажилладаг ч корона вирусын өвчлөлийн гэнэтийн байдлаас болж маскны хомсдол үүссэн. Дотооддоо маск үйлдвэрлэж байгаа “Мөнхийн тун”, “Мон химо” гэж хоёр компани бий. Мөнхийн тун хоногт 42 мянга, Мон химо 30 мянган ширхэг маск үйлдвэрлэх чадалтай. Тавин ус, Монос, Их төгөл эм ханган нийлүүлэгчид маскны нөөц бол байгаа гэсэн мэдээлэл өгсөн. БНХАУ-ын Ухань хотод байгаа Монгол Улсын иргэдээ авах хүсэлтээ манай улс гаргасан. Одоогоор 10 улс иргэдээ авах хүсэлт гаргасан бөгөөд БНХАУ-ын зүгээс шаардлагатай эрүүл мэндийн үзлэг шинжилгээг хийгээд хүсэлтийг шийдвэрлэж байгаа гэв.

МХЕГ-ын байцаагч Төмөрбаатар: Хилийн боомт дээр бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.  Хилийн боомтод 450 гаруй байцаагч ажилладгаас 100 гаруй нь эрүүл ахуйч байцаагчид байдаг. Нийт 13 сэжигтэй гэж үзсэн тохиолдлоос 7 нь Замын-үүд  болон Буянт-Ухаа боомтоор орж ирсэн. Олон улсын дүрмийн дагуу бид хил дээр арга хэмжээ авч ажиллаж байна. Халууныг илрүүлэх, асуумж судалгаа авч байна. Асуумжийн хүрээнд 2-оос дээш шинж тэмдэг илэрвэл тусгаарлах арга хэмжээ авч, дараагийн арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Японоос ирсэн оношлуурын хувьд нэг тохиолдолд нэгийг л хэрэглэнэ. Өчигдөр 200 ширхэг ирсэн. Хэнтий аймагт 14 настай хүүхэд хоёр талын уушги хатгаатай маш хүнд хүүхэд өчигдөр өглөө нэгдсэн эмнэлэгт ирээд орой нас барсан. Энэ хүүхдийн хувьд 24-нөөс эхлэн халуурч, 27-нд эмнэлэгт ирээд нас барсан. Н1Н2 вирусын халдварын үед ингэж хүндэрч, нас барах тохиолдол бий. Хэнтий аймгийн сорьцоос шинжилгээ авч Япон руу явуулсан. Урьдчилсан байдлаар эцсийн онош гараагүй. 

Мөн өчигдөр Хонгконгоос ирсэн онгоцонд хоёр халуунтай хүүхэд байна гэсний дагуу эрсдэлийн үнэлгээг яаралтай хийж, Буян-Ухаа дээрээс ХӨСҮТ-д шилжүүлэн тусгаарлаад байна. Хоёр хүүхдийн биеийн байдал сайн байгаа.