Корона вирусын халдвартай өвчтөнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай хүн Улаанбаатарт ирээд гурав хоножээ

ЭМЯ-наас корона вирусын халдварын тархалтын талаар цаг үеийн мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Цогтбаатар: 12 цаг 28 минутад Австралийн эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-д мэдээлэл ирүүлсэн. Монгол Улсын иргэн 34 настай эрэгтэй Гуанжугаас нисээд Австралид энэ сарын 19-нд очсон.  Очихдоо шинж тэмдэггүй байсан ч шөнөдөө халуурч, тусгаарлаад 1 сарын 25-ны шинжилгээ нь корона вирусын халдвар болох нь батлагдсан гэсэн мэдээ байсан. Тиймээс манай зүгээс яаралтай арга хэмжээ авч, 03,40 минутад Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож албан ёсны мэдээллийг авлаа. Мэдээллээр манай улсын иргэн шинэ корона вирусаар халдварлаагүй, харин Гуанжугаас Мельбурн хүртэлх онгоцонд явсан хятадын иргэн халдвартай болох нь тогтоогдсон байна. Харин манай улсын иргэний хувьд тэр онгоцонд ниссэн учраас нэгдүгээр хавьталтай гэсэн  мэдээлэл авсан. Тиймээс бид холбогдох журмын дагуу тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулж, дараагийн арга хэмжээг авч ажиллаж байна.

ХӨСҮТ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэгч байгууллага гэдэг утгаараа олон улсын эрүүл мэндийн байгууллагатай шуурхай мэдээлэл солилцож ажиллаж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд эрсдэлийн маш өндөр түвшинд ажиллаж байна.

Энэхүү Монгол улсын иргэн маань нэгдүгээр сарын 25-нд Монголд ирсэн. 1 дүгээр сарын 19-нд Гуанжугаас Мельбурнд буусан. Тэр онгоцонд шинэ корона вирусын халдвартай Хятадын иргэн байсан юм. Тиймээс Австралаас энэ хүнтэй хамт ниссэн нэгдүгээр зэргийн хавьталтай гэж үзсэн бүх хүмүүсийн мэдээллийг тухайн улсууд руу явуулсан байна. Манай улсын иргэний хувьд 1 дүгээр сарын 25-нд Мельбурнаас Хонконгоор дамжаад Монголдоо ирсэн,  одоо Улаанбаатарт амьдардаг. Түүнтэй холбогдож, тусгаарлах арга хэмжээ аваад байна. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Гол эрсдэлийн зурвас үе нь Гуанжугаас Мельбурн орох онгоцонд сууж явсан.

Мөн хөлбөмбөгийн Дэрэн клубын хүүхдүүд Ухань хотод тоглосон. Тиймээс хүүхдүүдийг бас шинжилгээнд хамруулсан гэсэн мэдээлэл өглөө.