Д.Цогтбаатар: Улаанбаатар хотын амбулаторын нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл 14,2 хувийг эзэлж байна

ЭМЯ-наас корона вирусын халдварын тархалтын талаар цаг үеийн мэдээллийг холбогдох албаны хүмүүс хүргэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн яамны суурин төлөөлөгч Сергей Диордица:

2020 оны 01 дүгээр сарын 28-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдах албаныхан Хятадын дарга Ши Жинпинтэй уулзаж, тархалтыг таслан зогсоох талаар уулзаж ярилцсан.  Одоогоор 14 улсад 54 тохиолдол батлагдаад байна. 42 нь Уханьд аялсан тохиолдол байгаа бол нэг нь ойрын хавьтлаар халдварласан гэдэг нь батлагдсан. Тархвар зүйн мэдээллээс харахад өвчилсөн хүмүүсийн ихэнх нь эрэгтэй, 40 хувь суурь өвчтэй, нас баралт нь өвчлөлийн 2,3 хувийг эзэлж байгаа юм. Нийт тохиолдлын 20 хувь нь хатгалаа, амьсгалын цочмог дутагдлаар хүндэрсэн  учраас дэлхийн олон оронд үүний эсрэг эмчилгээ, вакцин, эм тариа гаргахаар эрчимтэй ажиллаж байна.

Халдварын тархалт эрчимтэй тархсан БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон, өвчний шинж тэмдэг илэрч байвал иргэд сайн дураараа яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. АНУ-д илэрсэн таван тохиолдол бол хилийн шалган дээр илрээгүй ч иргэн өөрөө Эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, оношлуулснаас илэрсэн юм.

ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Цогтбаатар:

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр шинэ төрлийн корона вирусээр өвчлөгсдийн тоо 5974, нас барсан хүний тоо 132, сэжигтэй тохиолдол 9239, 976 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, 106 хүн эдгэж эмнэлгээс гарчээ.  Дэлхийн 16 оронд 56 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол 20 гаруй улсад одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Монгол улсад корона вирусын өвчлөл бүртгэгдээгүй. Нийт 36 хүнд шинжилгээ хийгээд байна.  Сэжигтэй гэж үзсэн 14 хүний шинжилгээ үгүйсгэгдсэн. Хонконгоос ирсэн оюутнууд, Архангай, Ховдын иргэн, Бээжингээс ирсэн зорчигч, Хэнтийн сорьц, Дэрэн клубын хүүхдүүдийн шинжилгээ үгүйсгэгдсэн хариу гарсан. Одоо шинжилгээ хийлгэж хариу хүлээж байгаа хүн 18 байна.  ХӨСҮТ-д 16, Дорнод бүсийн эрүүл мэндийн төвд 2 хүнийг тусгаарлан шинжилгээ аваад байна.

2020 оны 01 дүгээр сарын 28-нд Монгол Улсын хилийн 6 боомтоор нийт Монгол улсын 1900 иргэн нэвтэрсэн. Сэжигтэй хүн бол байхгүй. Гэхдээ томуу томуу төст өвчин дэлхийн олон оронд дэгдэлттэй байна. Улаанбаатар хотын амбулаторын нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл 14,2 хувийг эзэлж байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн дарга Амбасэлмаа:

Хуурай замын хилээр иргэдээ БНХАУ-аас оруулж ирэх шийдвэрийн дагуу оруулна. Эрүүл мэндийн олон улсын дүрмийн дагуу асуумж, шинжилгээ авна.

Томуугийн дэгдэлтийн үе байгаа учраас халууны шинж тэмдэгтэй хүн маш ихээр хандаж байна. Одоогоор 50 гаруй хүн манай вирус шинжилгээний лабораторид хандаж, шинжилгээ өгсөн. Томуугийн Н3N2 вирус олонх хүнд гарсан. Энэ нь хүндрэл ихээхэн үүсгэж байгааг манай иргэд маш сайн анхаарч, томуугаа сайн эмчлэх хэрэгтэй байна. Хонконгоос ирсэн дөрвөн хүнийг асуумжаар өвчний шинж тэмдэг байна гэж үзээд ойрын хавьталтай 4 хүнийг хамт тусгаарлаж, шинжилгээг хийсэн. Мөн Бээжингийн онгоцоор орж ирсэн нэг хүнийг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Эхний ээлжинд бүгд томуугийн вирустэй байсан учраас эмчилж байгаа юм. Шинжилгээний хариу бол эцэслэгдээгүй байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

БНХАУ-д коронагийн вирусээр өвчлөөд эдгэсэн иргэдийн эмчилгээний талаар асуж байна. Тэдгээр иргэнийг томуу томуу төст өвчний эмнэлзүйн эмчилгээний журмын дагуу эмчилж, эдгээж байгаа гэсэн мэдээлэл авсан. Хэнтий аймагт нас барсан хүүхдийн сорьцын хувьд томуугийн А хүрээний Н3N2  вирусийн хатгалгааны улмаас хүндэрч нас барсан гэдгийг тогтоосон.

ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Цогтбаатар:

Ер нь бол эрүүл мэндийн салбарт гол тулгамдсан асуудлыг нас баралтын  тэргүүлэх шалтгаан, өвчлөлийн тэргүүлэх шалтгаан юу байна гэдгээр авч үздэг. Өвчлөлийн нэгдүгээр шалтгааны хувьд эрүүл мэндийн салбарт амьсгалын замын өвчлөл, нас баралтын хувьд нь зүрх судасны өвчин байна. Томуу томуу төст өвчинтэй холбоотойгоор амьсгалын замын өвчлөл өндөр байна. Энэ  нь гол төлөв уушгины хатгалгаа болж хүндэрдэг. Тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын эхний шалтгааны нэг нь уушгины хатгалгаа байсаар байна. Манай улсын хувьд уушгины хатгалгааны эсрэг олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь вакцин. Эрсдэлтэй гэж үзсэн хүүхдүүдэд сүүлийн жилүүдэд олон улсын болон дотоодын дэмжлэгтэйгээр томуугийн эсрэг вакцин хийсэн. Эхний нааштай үр дүн бол гарч эхэлсэн гэж үзэж байгаа