Хятадын ард түмэнд туслах аян өрнүүлэхээр болжээ

“Тэд бидэнд талархаж байна, тэнгэр тэтгэг, хүн төрөлхтөнийг!” гэсэн бяцхан бичвэрийг medee.mn сайт өчигдөр нийтэлсэн. Монгол Улсаас шинэ коронавирусын халдвар дэгдээд буй БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгох боллоо гэсэн мэдээлэлд Хятадын ард түмэн чин зүрхнээсээ талархаж байгаа аж. Энэ тухай Хятадын олон нийтийн сүлжээ вичаат-д олон хүн баярлаж талархснаа илэрхийлжээ.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн Монгол ардын үг бий. Тэвдэж байхад нь тэвнийн төдий тусалсан монголчуудад тэд баярласнаа ийн илэрхийлжээ.

Вичаатын сэтгэгдлүүдээс:

“Чингис хааны гайхамшигт үр ач нар”

“Сайхан сэтгэл нь Монгол хүний үндсэн чанар”,

“Монголын эдийн засаг муу байгаа ч, Хятадын хамгийн хүнд хэцүү үед тусламж үзүүллээ, сэтгэл хөдөллөө”,

“Сэтгэл хөдөллөө, эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдвэр гаргах гэдэг амаргүй шүүдээ. Харьцуулдаа, Тайвань яав? Хойд Солонгос яав?”,

“Монгол Улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна”,

“Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй, гэхдээ чухал цаг үед гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгө их, бага нь чухал биш сэтгэл чухал. Монгол гэдэг манай нэг хөгжилтэй хотын хэмжээнд хүрэхгүй ч, сэтгэл нь үнэхээр өөр юм”,

“Монгол Улс хэдий хүн ам цөөтэй ч Солонгос, Тайваниас хүчирхэг юм”,

“Хойд Солонгосчууд яав?Бүгдээрээ унтаад байгаа юм уу?” гэх мэт олон мянган сэтгэгдлүүд бичсэн байна.

Тэд бас “Дэлхийн түүхэнд бүх улс үндэстэн л хөрштэйгөө байлдаж байсан байдаг. Эртний утгагүй өшөө хорслоо мартаад энэ эрин цагт эвтэй найртай ирээдүйгээ харж амьдрах сайхан” гэсэн нь ч байгаа юм.

Дэлхий хэмээх ганцхан эхтэй хүн төрөлхтөн гал усны гашуун зовлон, ган гачиг аливаа өвчин тахлын үед бурхан тэнгэрээс аврал эрэхээсээ илүүтэй хажуу хавирганыхнаасаа л халамж анхаарал горилдог билээ. Хүж дэлхий амгалан байж, хүн төрөлхтөнийг Тэнгэр ивээх болтугай!

image

Тэгвэл “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2020 оны 02 сарын 05-ны Лхагва гаригт 11:30 цагаас Хөрш орон БНХАУ-д коронавирусын халдвар хурдацтай тархаж, дэлхийн олон оронд онц байдал зарлахад хүрээд байгаа энэ хэцүү цаг үед Монголын ард түмэн гамшигт өртсөн Хятадын ард түмэн, Ухань хотын ард иргэд, хүүхэд залууст туслах халуун сэтгэлийн хандивын аяныг “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” сэдвээр Монголынхоо нийт ард түмний дунд өрнүүлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Монголын Хүнс, Хөдөө аж ахуйн Үндэсний ассоциаци, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэг болон бизнесийн байгууллагын төлөөлөл, иргэдээс бүрдсэн 20 хүн оролцов. Тэд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж уриалж буй аж.