УИХ-ын НББСШУБХ зургаан хууль, гурван тогтоол батлуулжээ

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хийсэн ажлаа өнөөдөр танилцууллаа.  Тус байнгын хороо 10 удаа хуралдаж бие даасан гурав, хамт өргөн мэдүүлсэн гурван хуулийн төсөл, дөрвөн тогтоолын төсөл батлуулжээ. 

 

 

2019 намрын чуулганы хугацаанд харьяа хоёр байгууллагын тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх  үүрэг бүхий ажлын баг 19 удаа хуралдсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан хуулийн талаар танилцуулсан.

 

Тухайлбал, Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд нь хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдол бүхий Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулсныг Байнгын хорооны дарга онцолсон.

 

Манай улсад жилд 6000 хүн хорт хавдар гэсэн онош сонсож, 60 хувь нь тэр жилдээ нас бардаг гэсэн судагаа байдаг бөгөөд хорт хавдраар өвчлөгсдийн 36 хувь нь  элэгний, 15 хувь нь ходоодны, зургаан хувь нь улаан хоолойн, найман хувь нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд аж. Нийт хавдраар нас барагсдын 65 хувийг энэ дөрвөн төрлийн хорт хавдар эзэлдэг байна. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж, зорилтот бүлгийн иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 30 хувь, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувь, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой гэсэн гэж үзэж байгааг тэрбээр тодотгосон юм.

 

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг батлуулав. Энэ хуулиар 1990 онд баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Тэдгээр 21 208 иргэдийн суурь тэтгэврийн хэмжээг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд 12.7 тэрбум төгрөг шаардлагатай байсныг 2020 оны төсөвт тусгасан байна. Ингэснээр эдгээр иргэдийн тэтгэврийн хэмжээ дунджаар 362.0-497.0 төгрөгт хүрлээ. Түүнчлэн 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр авагчдын тэтгэвэр 25 000-30 000 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг Байнгын хорооны дарга дурдсан.

 

Мөн тус байнгын хороо Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан. Хууль батлагдсанаар, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох, төр-хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэл өргөжин тэлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Хууль хэрэгжсэнээр, эдийн засагт инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хувь хэмжээ нэмэгдэн, шинэ бүтээгдэхүүн, технологи бий болж, олон улсын зах зээлд үндэсний брэндийг нэвтрүүлэх урт хугацааны тогтвортой хөшүүрэг, суурь тавигдах боломж бүрдэж буй юм.

 

Тус байнгын хороо Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Нийгмийн даатгалын сангаас ноднин 12 дугаар 31-ний байдлаар нийтдээ 421.1 мянган иргэн тэтгэвэр авч буй бөгөөд тэдгээр иргэдийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь 763.3 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан юм. Үүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар хуульд заасан гэдгийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол тодотгов.

 

Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоож, тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшүүлэх зохицуулалтыг тусгасан юм. 

 

Үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах хуулийг батлуулав. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг тус байнгын хорооноос УИХ-аар хэлэлцэн батлуулсан.

 

Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэхүү Их дүйчин өдөр Бурханы шашны орнуудад мацаг барих, согтууруулах ундаа худалдаалахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, ядууст хоол, өглөг өгөх, бусдад туслах, төрийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, их цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлсийг дэлгэрүүлдэг байна. Энэ үеэр  баяраас үүдэж гардаг архидан согтууралтай холбоотой хэрэг болон баярын өдрүүдэд гардаг гэмт хэргийн тоо эрс буурдаг нь бусад тэмдэглэлт баяруудаас эрс ялгардаг аж.

 

Уг хууль батлагдсанаар, үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ , Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэгдэж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга мэдээлсэн.

 

2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос холбогдох яам, харьяа газартай хамтран найман удаагийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна.