Ширээний теннисний “Нийслэл” клубт АШТХ-ноос өгсөн 14 ширээг бэлэглэжээ

Ширээний теннисний "Нийслэл" клуб 2020 оны есдүгээр сард албан ёсоор нээлтээ хийх бөгөөд Азийн ширээний теннисний холбоо /АШТХ/-ноос Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-нд 14 ширээ өгснийг тус клубт бэлэглэхээр болжээ.

 

Улаанбаатар хотод зохион байгуулсан Ази тивийн ѳсвѳр нас, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг тус 14 ширээ болон зориулалтын шал, хаалтыг ашиглаж хийсэн байна. Хамгийн сүүлийн үеийн энэхүү шинэ ширээг МШТХ-ноос "Нийслэл" клубын үйл ажиллагааг дэмжиж ѳгсѳнд клубын хамт олон талархал илэрхийлсэн байна.

 

“Ширээний теннисний "Оч" клубыг үүсгэн бий болгосон МШТХ-ны хүндэт ерѳнхийлѳгч О.Чулуунбат агсан нийслэлд ширээний теннисний клуб олноор байгуулагдахыг хүссэн, дэмжих л байсан. Өнөөдөр теннис сонирхогч та бүхэнд ийм клуб бий болж буйг танилцуулж байна. Энэ оны есдүгээр сард клубын албан ёсны нээлтийг хийх болно" гэж уг клубыг үүсгэн байгуулагч, МШТХ-ны ерѳнхий нарийн бичгийн даргаар сүүлийн арваад жил ажилласан Ч.Амарсанаа онцлон хэллээ.

 

Ийнхүү МШТХ анх удаа шинээр бий болж буй клубын бүх ширээ, хаалт, шалыг үйл ажиллагааг нь дэмжиж бэлэглэж байна. Тус клубын багшаар Монгол Улсын хоёр удаагийн аварга Г.Жаргалсайхан ажиллахаар болжээ.