Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцны тавцан дээрх өөр 39 хүнээс коронавирусний халдвар илэрснээр нийт халдвар авсан зорчигчийн тоо 174 хүрсэн талаар Японы Эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдээлжээ.

"Хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсээс 4 хүний биеийн байдал хүнд байгаагаас 3 нь Японы иргэд байна" гэж Эрүүл мэндийн сайд Кацүнобү Като мэдээлжээ. Үүний зэрэгцээ уг хөлөг онгоцон дээр шалгалт хийж байсан ажилтан коронавирусний халдвар авсан байна.

“Diamond Princess” нэртэй аяллын хөлөг онгоцыг энэ сарын 19 хүртэл хөл хорионд оруулсан бөгөөд хөлгийн тавцан дээр 50 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 3700 орчим хүн байгаа юм.

Хонконгийн 80 настай оршин суугч энэхүү хөлөг онгоцоор зорчиж, Хонконгт буусны дараа түүнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Японы Засгийн газар уг онгоцыг хөл хорионд оруулжээ. Уг зорчигч өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Токиод ирж, дээрх хөлөг онгоцонд 20-нд сууж, 25-нд Хонконгт буусан байна.