Б.Ганхуяг: Одоогоор үнийн бодлогоо сайн зохицуулж байгаа учраас орлогын алдагдал үүсээгүй

Гашуунсухайт боомтоос 130-190 км-ийн цаана коронавирусний дөрвөн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрс экспортлохыг хориглосон. Улсын онцгой комиссын даваа гарагийн хуралдааны энэхүү шийдвэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодрууллаа.   

 

-Нүүрсний экспортыг зогсоосноос үүдэн "Эрдэнэс Тавантолгой" компани алдагдал хүлээх үү? Үүн дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Онцгой комиссын шийдвэрээр нүүрсний экспортыг зогсоосон. Ер нь жил бүр 12, нэгдүгээр сард нүүрсний экспорт багасдаг. Учир нь БНХАУ-ын тал дараа жилийнхээ нүүрсний импортын хэмжээг тогтоодог юм. Коксжих, эрчим хүчний нүүрсний хэмжээ болон улс болгоноос импортлох нүүрсний квотоо тогтоодог. Тэр ажил нэгдүгээр сарыг дуустал үргэлжилж, хоёрдугаар сарын дунд үеэс худалдан авалт нэмэгддэг. Коронавирусний халдвартай холбоотой хилийн хориг тавих нь үндэсний эрх ашгийн асуудал учир бид шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хоёрдугаар сарын 15-аас хойш нүүрсний экспортыг нэмэх арга хэмжээ авна. Манайх хоёр аргаар экспорт хийдэг. Гаалийн хяналтын бүсээс нүүрс худалдаж авсан компани Цагаан хаданд овоолго хийдэг. Гаалийн хяналтаас нүүрсээ аваад гарахад төсөвт орлого ордог. Өөрөөр хэлбэл, Цагаан хаданд овоолсон хэмжээгээр биш гэсэн үг. Эхний оролдлого энэ маягаар тасалдахгүй явж байна. Цагаан хаднаас Гашуунсухайт хүртэл богины тээвэр зогсохоор экспорт зогсож, Цагаан хадны овоолготой холбоотой орлого багасна гэсэн үг. Үүний зэрэгцээ үнийн асуудал үүслээ. Үнэ харьцангуй тогтвортой байсан ч 2019 оны тавдугаар сараас 11 дүгээр сард унасан. 12 дугаар сард үнэ өссөн боловч нэгдүгээр сараас коронавирусний дэгдэлттэй холбоотой унаж байна.

"Эрдэнэс Тавантолгой" болон түүний хамаарал бүхий компаниуд үнийн болон экспортын бодлогоо уялдуулж байгаа учир орлогын алдагдал харьцангуй бага байна. Экспортын хоригийг сунгавал компанийн орлого цаашлаад улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй.

 

-Энэ жилийн экспортын төлөвлөгөө ямар байгаа вэ?

 

-Өнөөдрийн байдлаар бид 1.1 сая тонн нүүрс борлуулаад байна. Төлөвлөсөн борлуулалт 1.3 сая тонн байсан нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Гуравдугаар сарын 2-ноос хойш энэ байдал үргэлжилбэл компанийн орлогод сөргөөр нөлөөлнө. Тэр тусмаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх гэж буй энэ үед сөрөг нөлөөтэй. Үүнээс урьдчилан сэргийлэх эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

-"Эрдэнэс Тавантолгой" энэ онд улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ?

 

-2020 онд улсын төсөвт 540 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан. Энэ төлөвлөгөө өнөөдрийн гүйцэтгэлээр 80 хувьтай байна. Эхний улиралд Хятадын талын татан авалт иймэрхүү байдаг.  

 

-Нөөцөд ямар төлөвлөгөө байгаа вэ?

 

-Нөөц төлөвлөгөөнд мэдээж Цагаан хадны овоолго байна. Худалдан авагч талуудтайгаа зөв зохицож чадвал борлуулалтаа үргэлжлүүлэх боломжтой. Учир нь худалдан авагчдын 80-90 хувь нь Монголын талд үйл ажиллагаа явуулж байгаа. Боомт хаагдсанаар Хятадын талын тээврүүд бүгд зогсож байгаа юм билээ. Энэ хорио худалдан авагч, худалдагч аль аль талдаа нөлөөлж байна.

 

-Эрсдэлийн төлөвлөгөөний тухайд?

 

-Бидний хувьд баталгаатай буюу найдвартай худалдан авагч олонтой. 2022 он хүртэл нүүрсний зах зээл тогтвортой байх хэдий ч үнийн уналт бүх шатанд үргэлжилнэ гэж харж байна.  2020 оны эхний хоёр улиралд үнэ унах хандлагатай байсан нь улам нэмэгдэх чанартай боллоо. Иймд урт хугацааны худалдан авагчтай урт хугацааны гэрээ байгуулах нь чухал. Манай компанийн хувьд жижиглэнгийн худалдаа гэдэг ойлголт байхгүй болсон.

Өмнө нь 100, 200 мянган тонноор борлуулдаг байсан бол одоо 1-3 сая тонноор борлуулж байна. Ийм хэмжээний санхүүгийн баталгаатай компаниуд сөхрөх магадлал бага гэж тооцож байгаа. Хятадын талтай эрсдэлээ хамт үүрэх чиглэлээр ажиллаж байна.

 

-Одоогийн байдлаар компанийн алдагдлын хэмжээ хэдэн төгрөг байна вэ?

 

-Борлуулалтын гүйцэтгэл 80 орчим хувьтай байгаа. Алдагдлын хэмжээг хэлж мэдэхгүй байна. Гуравдугаар сарын 2 хүртэл энэ маягаар үргэлжлүүлнэ. Түүнээс хойш ямар арга хэмжээ авахыг хувьцаа эзэмшигч, зөвлөхүүдтэйгээ ярилцаж шийднэ.  

 

-Нүүрс тээврийн компаниуд сул зогсох уу?

 

-Тавантолгойн орд газраас Цагаан хад хүртэл уртын тээвэр үргэлжилж байгаа хэдий ч харьцангуй цөөрсөн. Үүнээс өөр арга байхгүй. Баталгаатай томоохон худалдан авагчид үлдэж, эрсдэл даах чадваргүй худалдан авагчид цөөрч байгаа учир тэдгээртэй гэрээтэй байсан тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсож байна. Манай тээврийн компаниудын 60 хувь нь уртын тээвэр, 40 хувь нь богины тээвэр хийдэг. Бүгдийг нь сул зогсоохгүй байхад анхаарч байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/215693