Си Жиньпин “эерэг өөрчлөлтүүд” гарч буйг онцолжээ

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо “COVID-19” коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах асуудлаар лхагва гарагт хуралджээ.

Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин уг хурлыг даргалжээ. Тэрбээр хэлэхдээ, шаргуу хөдөлмөрлөсний дүнд халдварын тархалтын нөхцөл байдал эерэг өөрчлөлтийг харуулж байна хэмээгээд, урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа ихээхэн үр дүнд хүрлээ гэжээ.

“Бүх талын шаргуу хүчин чармайлт үр дүнгээ өгч буй нь энэ юм” гэж БНХАУ-ын дарга хэлсэн байна.

Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа илүү их хүчин чармайлт шаардсан чухал үе шат руу орж буйг мөн Си Жиньпин онцлоод, тархалтын нөхцөл ноцтой хийгээд өндөр эрсдэлтэй байгаа нутгуудын урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг бэхжүүлэхэд нэн түрүүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн хэлжээ.

Мөн тэрбээр халдварын тархалтын эсрэг хүн төрөлхтөний тэмцэлд ялалт байгуулахад Коммунист намын хороод, бүх шатны Засгийн газрууд бүхий л хүчин хүчин чармайлтаа зориулах шаардлагатай гэж хэлээд, эдийн засаг, нийгмийн хөгжлийн энэ оны зорилго, зорилтууддаа хүрэхийн төлөө зүтгэхийг мөн тэдэнд хандан уриалсан байна.