У.Мөнхсансар: Хууль бус олборлолтыг таслан зогсоох ажлын хэсэг байгуулсан

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гүн гэх газар иргэд маш олноороо цугларч улаан чулуу  хууль бусаар олборлож байгаа тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Тухайн сумын нутагт Шивээ хүрэнгийн боомт үйл ажиллагаа явуулдаг тул коронавирусний халдварын тархалт дэлхийг цочроож байгаа үед эрсдэл дагуулж магадгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс газар дээр нь нөхцөл байдал ямар байгаа талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа У.Мөнхсансараас тодрууллаа.

 

- Гурвантэс суманд иргэд олноор цуглаад улаан чулуу олборлож байгаа талаарх мэдээлэл байна. Энэ тухай мэдээ танайд хэзээ ирэв, одоо нөхцөл байдал ямар байгаа вэ?

- Гурвантэс сумаас урагшаагаа 17км-т байрлах Гүн гэх газарт "Баатар ван" ХХК өмнө нь ашиглалтын лицензтэй байсан юм. 2019 оны наймдугаар сард тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан. Энэхүү газар Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн иргэд олноор цуглаад байгалийн улаан чулууг олборлож байна гэх мэдээлэл манайд энэ сарын 9-ний өдөр Гурвантэс сумын Цагдаагийн тасгаас ирсэн. Өмнө нь бага хэмжээний хүмүүс чулуу олборлохоор оролдож байхад тус тасгийн албан хаагчид, тухайн компанийн хамгаалалтын алба хаагч нар нийлээд үйл ажиллагааг нь таслан зогсоож байсан юм билээ. Энэ сарын 9-нөөс энэ гурван аймгийн иргэд олноороо орж дийлдэхээ болиод нөхцөл байдал хүндэрч, орой шөнийн цагаар цуглараад байгаа учраас аймгийн төвөөс 12 албан хаагч очсон. Одоо тэнд нийтдээ цагдаагийн 18 албан хаагч, олон нийтийн таван цагдаа, Мэргэжлийн хяналтын долоон улсын байцаагч, байгаль орчны гурван байцаагч ажиллаж байна. Мөн орон нутгийн онцгой комиссын гишүүд хамтарч байгаа. Одоогийн байдлаар 1200 хүн цугласан байна гэсэн дүн мэдээтэй байна. Аймгийн төвөөс албан хаагч нар очсоноос хойш тухайн газраа иргэд бөөнөөрөө ороогүй. Гэхдээ түр тараад сумын төв болон хөдөө байна гэсэн мэдээ байгаа. Ийм учраас энэ үйл ажиллагааг бүрэн таслан зогсоох зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. 

- Аймгаас албаны хүмүүс очиход нөхцөл байдал ямар байсан юм бол?

- Иргэд өдөржин шөнөжин ухаад байгаа юм биш. Нэг бөөгнөрч цуглаад тухайн аж ахуй нэгжийн өмнө нь ухаж байсан талбай болон овоолго шороо зэргийг ухаад нэг иргэн өдөртөө 2-3 кг чулуу түүчихдэг юм байна. Шаардлага тавиад гар гэхээр нь гарчихдаг, цагдаагийн болон төрийн албан хаагчдын өмнөөс эсэргүүцээд байсан юм байхгүй. Хариун тухайн компанийн эд хөрөнгө нь байгаа учраас хамгаалагч нар байгаа юм билээ. Харин тэдний тавьсан шаардлагыг иргэд эсэргүүцээд  байгаа. 

- Тухайн компани нь иргэдтэй гэрээ хийж байж талбай руу оруулсан гэх мэдээлэл байна. Энэ талаар?

- Манайх энэхүү гэрээг үзээгүй. Иргэдийг хорьж дийлэхгүй болохоороо хууль бусаар нэг тийм юм хийсэн юм шиг байна лээ. Аж ахуйн нэгж дээр тусгай зөвшөөрөл байхгүй, иргэд ийм олборлолт хийхийг зөвшөөрсөн газар олголт байхгүй учраас энэ нь аль аль талдаа хууль бус. 

- Одоо нэмэгдэл хүч очих уу? 

- Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон хүн нэг дор цугларах нь хориотой байгаа. Нэгдүгээрт бид үүнтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хоёрдугаарт бид аймгийн Засаг даргын захирамж болон хууль тогтоомжуудын хэрэгжилтийг биелүүлэхээр ажиллаж байгаа. Энэ олон цугларсан хүмүүсийг тараахын тулд аймгаас дахин нэмэлт хүч өнөөдөр явуулж байна. Бусад аймгаас ирсэн хүмүүст хууль танилцуулан гэртээ харь гэдгийг хэлж байгаа. Мөн энэ талаарх хууль сурталчлах ажлыг цахим хуудсуудаар хүргэж байна. 

- Энэ чулууг олборлосон иргэдэд ямар хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаг юм бэ?

- Тухайн чулууг геологийн төв лабораторид шинжлүүлснээр төмөрлөг, цахиурлаг улаан хас чулуу нь хэмжээ нь том байх тусмаа байгалийн төрцөд ордог гэсэн байдаг юм билээ. "Баатар ван" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байх үедээ олборлоод БНХАУ руу гаргаж байсан. Одоо бол олборлодоггүй. Ер нь хууль бусаар газрын хэвлий ухсан байвал эрүүгийн хариуцлага хүлээдэг. Мөн зөрчлийн тухай хуулиар худалдаж авсан болон хадгалсан, тээвэрлэсэн, олборлосон бол ашиглаж байгаа багаж, техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгодог. 

- Одоо тухайн талбай дээр хууль сахиулахаар ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл байдал ямар байгаа бол?

- Гурвантэс сумаас хоёр гэр гаргаж өгсөн. Тухайн талбайн хоёр цэгт нь гэрээ бариад ажиллаж байгаа. Мөн "Баатар ван" ХХК-ийн харуул хамгаалалтын гэрээтэй ажиллаж байгаа 16 албан хаагч мөн тэнд бий.