Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компаниудад хариуцлага ногдуулахыг анхааруулав

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй нөхцөлд хариуцлага ногдуулахыг биржээс анхаарууллаа.

Бүртгэлтэй ХК-иуд Үнэт цаасны зах зээлийн тухай болон “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-д заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 10-ны дотор (нэгдсэн тайлангийн хувьд 3 дугаар сарын 1-ний дотор) Монголын Хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Одоогийн байдлаар нийт бүртгэлтэй 199 ХК-иас 120 нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй үлдсэн, нэр бүхий ХК-иуд 2 дугаар сарын 24-ний дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ болон МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлага ногдуулахыг Монголын Хөрөнгийг биржээс анхааруулав.