Боловсролын байгууллагын үйл ажиллагааг 3 дугаар сарын 30 хүртэл хязгаарлахаар сунгав

Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж 1823 хүн нас барсан байна. Нийт өвчлөлийн 99,8 хувь нь БНХАУ-д байгаа юм.

Шинжээчид энэ өвчнийг өргөн тархахад БНХАУ-ын хаврын баяр ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Олон улсын шинжээчид 4 дүгээр сараас буурч магадгүй гэж үзжээ. Тиймээс дэлхийн улс орнуудыг сонор сэрэмж, хяналтаа сулруулахгүй байхыг хүсэв. Монголоос Хятадад аялж, амарч, ажиллаж байсан 179 иргэнийг тусгаарлаад шинжилгээ ажиглалт хийсэн. Улсын онцгой комиссын шийдвэрээр 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан ажлын хэсгээс шинэ корона вирусийн халдвар тархах эрсдэлийн судалгаа хийж үзэхэд Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэж гарсан байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт /хэсэгчилсэн байдлаар/ шилжсэн хугацааг 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тогтоосон байснаа 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа.

Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг 3 дугаар сарын 30 хүртэл хязгаарлахаар сунгав. Улаанбаатараас орох гарах орон нутгийн замыг шинийн 1-4-ний өдөр хүртэл хязгаарлах эсэхийн Улсын онцгой комиссоос шийдвэрлэх юм байна.