Ерөнхийлөгч өө, сонгуульд нэр дэвших оффшорчдод хориг тавьж өгөөч

Хоёр он халаагаа солилцох торгон мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаснаар УИХ хууль болгон баталж Сар шинийн босгон дээр ахмадууд өргүй боллоо. Ерөнхийлөгчийн Та иргэдийнхээ өр зээлийг нэг удаа тэглэх амлалтаа ийнхүү эхнээс нь бодит ажил болгож чадлаа.

Сонгуулийн чимээнээр улсаасаа хулгай хийсэн оффшорчид, ЖДҮ-чид, авлигачид гэнэт сэрж, УИХ-ын гишүүний сэнтийг сэрүүн зүүдлэх боллоо. Зарим нь гадаад улс руу зугтаж, өршөөл ивээл эрж яваа мэдээлэл ч гарч байна. Дээлээ нөмрөх ёстой оффшорчид дээд эрх мэдэл рүү улам л шунан гэтэх болжээ.

АТОЗ буюу Ард түмний онц зөвлөлөөс гаргасан тооцоогоор оффшор бүсэд хамгийн багадаа 17 тэрбум ам.доллар нуусан гэдэг. Үүнийг тооцож үзвэл оффшорчдын бултуулсан мөнгө Монгол Улсын 4 жилийн төсөвтэй тэнцэж байгаа юм. Энэ мөнгийг эх орондоо эргүүлэн авчрах ажлыг шуурхайлж, гадаад өр зээлээсээ салах амлалтаа хэрэгжүүлэхийг Танаас хүсье.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдын толгойг бөхийлгөж, хулгайлж нуусан мөнгийг нь эх орондоо эргүүлэн авчирна гэж тов тодорхой амласан. Оффшорчид ов мэхтэй, оройгүй шуналтай учраас  эрх мэдлээ дархалж авч үлдээд халдашгүй байдлаараа гул барин хуулийн хариуцлагаас бултахын тулд ямар ч үнээр хамаагүй УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж улайрч байна.

Улсаасаа урвасан хулгай нарыг одоо л хазаарлаж, хориглож авахгүй бол тэд Төрийн ордонд оффислож, халдашгүй байдлаараа дахиад л бамбай хийх нь тодорхой. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга Та амлалтаа биелүүлж улс төрийн намуудад оффшорчдыг нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж бас хориглож өгөөч.

Оффшорчдыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хориг тавьж чадвал, хулгайлсан мөнгийг нь эргүүлж авчирч чадвал Монгол Улс, монголчууд жинхэнэ утгаараа ялна. Оффшорчдын толгойг бөхийлгөж, төрийн хатуу цээрлэл хүлээлгэвэл монголчууд Ерөнхийлөгчийгөө уухайлан түрнэ, дэмжинэ.