Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.

 Тэр дундаа хөдөө орон нутагт нэр дэвших гэсэн санаархал улстөрчдийн дунд хөвөрч байна. Үүний нэг нь Төв аймаг. Хэзээнээсээ л МАН-ынхан хүч хаян ялж, хүссэнээрээ зайдалж ирсэн тус аймагт сөрөг хүчин болох АН-ынхан хэнийг сойхоо шийдэж чадахгүй хоорондоо хөлөө жийлцэж байгаа юм байна. 2008 онд Төв аймагт МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, С.Батболд, Д.Дондог нар нэр дэвшиж байлаа. Харин АН-аас Ш.Батцэцэг, Ш.Сүхбаатар, Х.Золжаргал, Д.Доржпүрэв нар өрсөлдөж байв. 2012 онд МАН-аас мөн л М.Энхболд, Н.Энхболд, С.Батболд нар нэр дэвшиж байжээ. Харин АН-аас шинэ хүмүүс орж ирж, хуучин нэр дэвшигч ганц байсан нь Д.Доржпүрэв байв. 2016 оны сонгуульд МАН-аас өнөөх л М.Энхболд, Н.Энхболд болон А.Сүхбат нар Төв аймагт өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон. Харин 2016 оны сонгуульд АН-аас Д.Доржпүрэв, М.Энхсайхан, Б.Энхбайгаль нар өрсөлдөж байлаа. АН-ын нэр дэвшигчдээс хамгийн өндөр саналыг Д.Доржпүрэв авч байсан юм. Цөөн хэдхэн хүний саналаар гурван удаа аман хүзүүдэж байжээ. Төв аймгийг төлөөлөн өнгөрсөн жилүүдэд МАН-ынхан Улсын Их Хуралд дандаа суусан. Нэгэнт Улсын их хурлын гишүүн болж эрх ямбыг нь эдэлсэн учраас МАН-ынхан квотоо авах л биз ээ. Харин тэдний өөдөөс хэнийг зүтгүүлэх вэ гэдэг нь АН-ын хувьд тоо бодох зүйл. 2008 оноос хойш харахад Төв аймагт тус намаас нэр дэвшиж байгаа хүмүүс байнга өөрчлөгдөж иржээ. Төв аймагт АН-аас нэр дэвшигчид сонгуулийн өмнө гэнэт Төв аймгийнх гэдгээ санадаг, харин сонгуулийн маргааш мартчихдаг гэмтэй. Өнгөрсөн 3 сонгуульд оролцож туршлага хуримтлуулсан ганц л төлөөлөл АН-д байна. Энэ бол Төв аймгийн АН-ын даргаар ажиллаж байхдаа аймгаа анх удаа цэнхэртүүлж, орон нутгийн удирдлагыг намдаа авч өгч байсан нь Д.Доржпүрэв юм. Гэтэл АН-ын зүгээс Төв аймагт дахиад л хэний ч танил биш хүмүүсийг элдэв наймаалцлаар сойхоор ярьж эхэлжээ. Төв аймгийн АН-ыг хүнд хэцүү байхад байхад хуруугаа ч хөдөлгөөгүй, ар нуруугаа харуулан зугтсан, гайгүй ажиллаж байсан Засгийн газраа унагаалцаж байсан, орон нутагтаа танил болоогүй улстөрчид Төв аймаг руу нэр дэвшихээр гэтэх болжээ. Төв аймгийн Ардчилсан намын анхан шатныхан МАН-ын луугаруудтай өрсөлдөж чаддаг, аймагтаа хийсэн ажил, хэлэх үгтэй хүнийг сонгох хүсэлтэй байгаа нь тодорхой. Ийм шаардлагыг биелүүлж байгаа хүн нь Дуламсүрэнгийн Доржпүрэв гэх эрхэм юм. Өмнө нь Төв аймагт 3 удаа нэр дэвшиж М.Энхболд, Н.Энхболд нарт цэвэр бусаар ялагдсан нэгэн. Аймгийнхаа АН-ыг удирдаж 2012 оны сонгуульд Төв аймгийг цэнхэртүүлсэн, мөн Улаанбаатар-Төв аймаг хоорондох хатуу хучилттай авто замыг шинэчлэн бариулахад гол үүрэг гүйцэтгэсэн, аймагтаа 1000 орон сууц хөтөлбөрийг эхлүүлсэн эр. Тэр хэзээ ч ялагдчихлаа гээд нутгаасаа нүүр буруулж байгаагүй учраас аймгийнх нь АН-ынхан, сонгогчид Д.Доржпүрэв гэдэг хүнийг нэр дэвшихээр гэтэж яваа нөхдөөс сөргүүлэн нэхэж эхэлжээ. Д.Доржпүрэв ч гэсэн намаасаа нэр дэвшиж, дахин өрсөлдөн Төв аймагт АН-ын ялалтын буухиаг дахин атгах хүсэлтэй гэдгээ намынхандаа цухуйлгасан гэнэ. АН-ынхан 4-р сараас өмнө гар барилцаж, нутаг орондоо нэр хүндтэй хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй, МАН-ынханд зөөлөн боорцог тавиад өгөх юм бол өмнөх сонгуулиудын уйтгартай дүр зураг дахин давтагдахаас гарцаагүй.