АРДЧИЛСАН НАМЫН ДЭЭД ШАГНАЛ ЧИНГИСИЙН ОДОНГООР Р.АМАРЖАРГАЛ НАРЫГ ШАГНАЛАА

 
Ардчилсан хувьсгалын түүхэн олон чухал үйл явдлууд тэртээх 1990 онд болж байв. Эдгээрийн нэг бол улс төрийн өлсгөлөн байсан юм. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Ардчиллын төлөө тэмцэгчид Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаж байв.
Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор дараах нэр бүхий эрхмүүдийг шагнаж, урамшууллаа. Шагналыг Р.Амаржаргал, С.Лхагвасүх, Ц.Нямдорж, Ж.Гадинжид нарт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гардуулав.
1990 оны гуравдугаар сарын 4-ний өдөр МоАХ, МоАН, АСХ, МОХ, ШДХ хамтран Сүхбаатарын талбайд зуун мянган хүнийг оролцуулсан жагсаал хийж байжээ. Жагсагчид МАХН-ын Онц их хурлыг хуралдуулж, МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурал байгуулахыг шаардаж байсан юм. Гэвч Ардчилсан сөрөг хүчний хамтарсан мэдэгдэлд хангалттай хариу өгөөгүй тул МоАХ, МоАН-ын гишүүд тухайн жилийн гуравдугаар сарын 7-н буюу 30 жилийн өмнөх энэ өдөр Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн анх удаа зарласан түүхтэй.