Ж.Энхбаяр: 80-90 мянган залуусын 3 хувь нь цэргийн алба биеэр хааж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дээрх бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний харьцангуй бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах шаардлагатай. Мөн орчин үед цахим кибер хандлага хурдтай нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, хэрэгцээ, шаардлага бий болсон гэж төсөл санаачлагчид үзжээ.

 

Монгол Улсын Засгийн 2019 оны 187 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийг байгуулсан. Дээрх төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ЗХЖШ-ын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд батлан хамгаалах салбарын кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий бүтэц, зохион байгуулалтын нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хуульчлах шаардлага тулгамдаж байна. Мөн 2019 оноос ЗХЖШ-т бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулсан бөгөөд ингэснээр цэргийн барилга, инженерийн анги, нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж үйл ажиллагаа хуулиар баталгаажна гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурджээ. 

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад болдлогын байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлэцэж, ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй хоёр санал саналаар санал хураан шийдвэрлэжээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Цэргийн алба хааж байгаа иргэдийг бүтээн байгуулалтад оруулж хоёр саяас дээш төгрөгийн цалинтай ажиллуулах заалтыг хуулийн төсөлд оруулах санал гаргаснаа онцлов. Энэ санал хуулийн төсөлд туссан эсэхийг тодрууллаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Барилга, инженерийн цэргүүд нь цэргийн анхан шатны сургалтыг хэрхэн эзэмшихийг асуулаа. Мөн Барилга, инженерийн цэргийн албыг хоёр жил, эсвэл цэргийн албыг хоёр болгож болохгүй байгаа шалтгааныг тодруулав. Тэрээр, манай залуус бие бялдрын хувьд хатуужилгүй болж байгааг шүүмжлэв. Тиймээс цэргийн албанд хөдөлмөрлөж, хөлсөө үнэлүүлдэг байхын сацуу мөнгө төлж цэргээс мултардаг байдлыг арилгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулахдаа, Төмөр замын бүтээн байгуулалтын гол ачаалллыг зэвсэгт хүчин гүйцэтгэж байна. Жилд 80-90 мянган залуу цэрэг хаах насанд ирж байгаагийн 3 орчим хувийг нь биеэр цэргийн алба хаалгах төсөв, орон тооны боломжтой. Тиймээс барилга, инженерийн цэргийг бие даасан төрлийн цэрэг болгож хөгжүүлэх, үндсэн цэргийн бэлтгэлээ хийсний дараа улирч, гэрээт цэргийн алба хааж цалин бодуулж хуримтлал үүсгэх зэргээр олон бүтээн байгуулалтад оролцуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч санал оруулсан. Энэ санал хуулийн төсөлд багтсан гэлээ.

Мөн тэрбээр, олон мянган залуу цэргийн албаас гадуур үлдэж байгаа гэдгийг тодотгоод, барилга, инженерийн төрлийн цэргийн алба байгуулснаар, тэдгээр залуусыг хамруулж, мэргэжилтэй болгоод, өндөр цалинтай бүтээн байгуулалтад оролцуулах боломжтой гэлээ. Ингэхдээ, эхний нэг жил цэргийн анхан шатны сургалтыг эзэмших аж. Дараа нь гэрээт цэргээр сунгаж, цалинтай ажиллах боломжийг нээж өгч байгааг тодотгов. Харин цагийн байдал тайван цагт цэргийн анхан шатны сургалт нэг жилд хангалттай хугацаа хэмээн тэмдэглэв. 

 

Ингээд төслийн талаарх хоёр зармын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.