Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг Конгресст танилцуулав

Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатч Линдси Грэм хэрэв БНХАУ-ын эрх баригчид "шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдэхэд хүргэсэн үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй, хамтарч ажиллахгүй бол" тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг Конгресст өргөн барилаа гэж АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ. 

"Хэрэв Хятадын Коммунист Намын хууран мэхлээгүй байсан бол АНУ-д ийм вирус байхгүй байх байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж Грэм мэдэгдсэнийг хэвлэлийн мэдээлэлд дурджээ. “Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийг Ухань дахь лабораторид оруулахыг зөвшөөрөөгүй. Тэд дэгдэлт хэрхэн эхэлснийг судлах боломжийг мэргэжилтнүүдэд олгохоос татгалзаж байна. Үүнийг хүчээр шахах хүртэл Хятад улс хэзээ ч мөрдөн шалгах ажиллагааг нухацтай явуулахад хамтарч ажиллахгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэхүү хатуу хуулийн төсөлд Хятад улс хамтарч ажиллах хүртэл тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар тусгасан" гэж сенатч нэмж дурдсан байна.

Хуулийн төсөлд заасны дагуу АНУ болон түүний холбоотнууд эсвэл НҮБ-ын харьяа байгууллагуудын мэргэжилтнүүдийн судалгаанд зориулж Хятадын эрх баригчид бүрэн дүүрэн тайлан гаргаж өгсөн эсэхийг Вашингтоны засаг захиргааны тэргүүн  60 хоногийн дотор Конгресст батлах ёстой. Үүнээс гадна, вирус амьтнаас хүнд халдсан байж болзошгүй далайн бүтээгдэхүүний бүх захыг хаах, цар тахал дэгдсэнээс хойш Хонконгийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр баривчлагдсан идэвхтнүүдийг суллахыг Хятадын эрх баригчдаас шаардсан байна. “Үүнийг баталж чадахгүй бол хөрөнгийг царцаах, нэвтрэхийг хориглох, визийг цуцлах, Америкийн санхүүгийн байгууллагаас Хятадын аж ахуйн нэгжүүдэд зээл, даатгал олгохыг хориглох, Хятадын компаниудад үнэт цаасаа Америкийн биржүүд дээр байршуулахыг хориглох зэрэг олон төрлийн хориг арга хэмжээ авах бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгоно” гэж хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. 

Вирусний гарал үүсэл, тархалтын цар хүрээтэй холбоотой мэдээллийг нуусан гэж Вашингтон Хятадыг буруутгаж байгаа юм. Харин Хятадын Гадаад хэргийн сайд Лэ Юйчин дөрөвдүгээр сарын 29-нд "NBC" телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Бээжин коронавирусний талаарх “ямар нэгэн мэдээллийг нуугаагүй” гэж цохон тэмдэглэжээ. Тэрбээр "зарим улс төрч вирустэй холбоотой нөхцөл байдлыг Хятад улсыг гүтгэх зорилгоор ашиглаж байгаад" харамсаж буйгаа илэрхийлсэн байна.