Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав

Нийт нутгаар салхины хурд энэ сарын 14-15-нд шилжих шөнө 18-20 м/сек, зарим үед 24 м/сек хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

 

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөө шөнө, маргааш төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 16,17-нд нутгийн зүүн хагаст цас хайлмагтан орж, ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулав.

 

Энэ сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.  Энэ сарын 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 26-28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.