С.Эрдэнэболд: “MARS-V” төслийг амжилттай хэрэгжүүлбэл бид дэлхийд үнэ цэнтэй ард түмэн болно

MARS-V” төслийн санаачлагч С.Эрдэнэболдыг “Үндэстний ТОЙМ” сэтгүүл “Toiminterview” буландаа урьж ярилцлаа.

Танай төслийн нэрний утга учиртай танилцаж ярилцлагаа эхлүүлье.

Манай төсөл “MARS-V” гэдэг нэртэй. “Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт. Мөн “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал гэсэн агуулгыг илтгэж байгаа юм.

“MARS-V” төсөл хэрэгжүүлэх санаагаа хаанаас олж байв?

Аливаа зүйлд эхлэх бас дуусах цаг гэж байдаг. Мэдээллийг нээлттэй авч болдог болсон сүүлийн 10 орчим жилд “Шинжлэх ухааны ололт хаана явж байна, ямар сорилт бэрхшээлийг туулж байна, ямар хүмүүс манлайлж байна” гэсэн мэдээллийг авах боломжтой болсон. Стив Жобс, Марк Зукерберг, Элон Маск зэрэг хүмүүсийн амжилтад хүрсэн түүх дэлхий дахинд залуу үеийг байлдан дагуулж байна. Яг үнэнийг хэлэхэд энэ төслөө эхлүүлэх санаагаа Элон Маскаас авсан юм. Өмнөд Африкт төрсөн, буйдхан газрын энэ залуу халаасандаа хэдхэн ам.доллартой Канадаар дамжиж АНУ-д очоод яаж технологийн хувьсгал хийж чадав гэдэг нь үнэхээр сонирхолтой. 1971 онд төрсөн хүн шүү дээ. Энэ хүний нэг том сэдэв нь Марс. “Тэсла” компани энэ тэр гээд олон сэдэв бий л дээ. Гэхдээ хамгийн гайхалтай төсөл нь Марс. Өмнө нь сансар огторгуй, Марс гэдэг чинь зөвхөн эрдэм шинжилгээний хүмүүсийн л ажил гэсэн ойлголттой байлаа.

Бизнес гэж хардаггүй байлаа шүү дээ?

Тийм. Бизнес, хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ, соёл гэж хардаггүй байлаа. Энэ ойлголтыг Элон Маск өөрчилж чадсан. Би дотроо “Бид нар ч гэсэн яагаад ингэж чадахгүй гэж” гэсэн бодол тээж явсан юм. 1997 оны долдугаар сарын 4-нд Марс дээр анхны робот газардсаныг мэднэ. Мөн Марс гараг нь ямар гадаргуутай, дэлхийгээс хэр хол, татах хүч нь ямар байдаг, химийн ямар урвал явагддаг зэргийг сонирхдог байлаа. 2018 ны арваннэгдүгээр сард Марсын сүүлийн үеийн зургуудыг үзээд “Гадаргуу нь манай говьтой адилхан юм байна ш дээ” гэсэн бодол төрсөн л дөө. Түүнээс хойш Элон Маск руу захиа бичиж эхэлсэн. Мөн хүмүүст хэлэхгүйгээр ганцаараа судалгаа хийсэн юм. Хүмүүст хэлбэл, “Энэ солиорчихож гэж бодох байх” гээд хэлээгүй. 2018 оны арванхоёрдугаар сард 20 найзыгаа цуглуулж энэ санаагаа танилцуулсан. Энэ хүмүүс бүгд хуучны танил найзууд байгаагүй. Тухайлбал, интернэтээр танилцсан говь судалдаг залуу гэх мэтээр шинэ танилууд ч байсан. “Дэлхийгээс 54.6 сая км хол байгаа гараг, таталцал нь 37 хувьтай, ийм ийм химийн урвал явагддаг Марс гарагт хүн төрөлхтөн ийм ийм нээлтүүд хийсэн юм байна. Энэ гарагт удахгүй хүн буулгахаар төлөвлөсөн. Тиймээс Марс гарагтай төстэй Монголын говьд яагаад Марс руу явах хүмүүсийг бэлтгэж болохгүй гэж” гээд 20 найздаа санаагаа хоёр цагийн турш танилцуулсан л даа. Танилцуулж дууссаны дараа чимээгүй суугаад байхаар нь би “Надад итгэхгүй байгаа юм байна. Тэнэг сонсогдож дээ” гэж бодоод хоёрхон өгүүлбэр хэлсэн. “Та нар надад итгэж байвал тултал дэмж. Итгэхгүй байвал намайг яг одоо зогсоо” гэсэн чинь маш удаан алга ташаад “Бид итгэж байна” гэсэн юм. Тэгэхээр нь 20 хүнээ долоон багт хуваагаад бас хүмүүс нэмж аваад 2019 оны хоёрдугаар сар хүртэл судалгаа хийсэн. Судалгааны дүнгээр энэ санал санаачилга маань бүр илүү баталгаажсан. “Скайтел” компанийн захирлаар ажиллаж байсан Д.Болор ах 5000 ам.доллар ширээн дээр тавиад “Би анхны хөрөнгө оруулагч нь боллоо. Бүгд дэмжицгээе” гэж томоохон бизнес эрхлэгчдийг уриалсан юм. Түүний араас хандив цуглаж эхэлсэн учраас судалгааны тоног төхөөрөмжөө аваад хоёрдугаар сарын 15-нд говь руу явсан. Түүнээс хойш манай төсөл тасралтгүй өсөлтийн горимоор урагшилж байгаа.

Манай говь Марс гарагтай юу юугаараа төстэй байна. Мөн энэ төслийг амжилттай хэрэгжүүлж болох ямар давуу талууд байна вэ?

Дэлхий дээр байгаа 24 цөл дотроос долоо нь хасах градустай байдаг. Энэ долоо дотроосоо хамгийн хүйтэн, Марстай хамгийн ойролцоо орчин нөхцөлтэй нь манай говь. Монголын говь цөл нэмэх, хасах 40 градус хүрдэг. Мөн манай улс Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад өндөрлөг газар оршдог, улирал солигддог, хэт хуурай уур амьсгалтай. Энэ бол байгаль цаг уурын давуу тал. Манай говьд энэ төслийг хэрэгжүүлж болох хэд хэдэн байршил бий. Гэхдээ одоогоор нууцалж байгаа. Учир нь, байршлаа зарлачихвал шинэ нисэх буудлыг тойруулаад замбараагүй газар олгодог шиг юм болно.

Газар зүйн давуу талаас гадна өөр давуу тал их бий. Манай хойд хөрш ОХУ, АНУ-тай технологийн асуудал дээр хэзээ ч хамтардаггүй. БНХАУ, АНУ-ын хооронд худалдааны дайн болж байна. Өөрөөр хэлбэл, том гүрнүүдын хооронд хэзээ ч нарийн мэдлэгийн солилцоо явагддаггүй. Яагаад гэвэл, өрсөлдөгч учраас тэр. Харин бид хэнийх нь ч өрсөлдөгч биш гэдэг нь давуу тал. Энэ санааг би хаанаас олсон бэ гэхээр 2013 онд Афганистанд 20 хонохдоо олсон юм. АНУ, Герман, Францын цэргийн баазуудаар монгол хүн ороод зэвсэглэлтэй нь танилцаж болдог. Харин өөр улсын иргэдийг оруулдаггүй. Харин бид тэдний өрсөлдөгч биш учраас зэвсэглэлээ үзүүлдэг юм.

Марсыг тойрсон бизнесийн нэг хувийг эзэмшихэд л жилд улсынхаа эдийн засгийг дөрөв нугалах хэмжээний орлого олно

Танай төсөл шиг Марс руу аялах хүмүүсийг бэлтгэхийг санал болгож буй төсөл бий юү?

Дэлхий дээр нэлээд олон газар ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 2013 онд “Марс нэг” гэдэг төсөл эхэлсэн. Энэ төсөл нь Марс руу явах гэж байгаа хүмүүсийг бэлтгэх төсөл. Тэр төслийг нэлээд судалж үзсэн л дээ. 2019 оны нэгдүгээр сард Швейцарийн дээд шүүх энэ төслийг хүчингүй болгосон. Шалтгаан нь юу вэ гэхээр, хэрэгжих боломжгүй гэж үзсэнээс гадна олон хүнийг бүртгэчихээд 2013 оноос хойш яах нь тодорхойгүй байсантай холбоотой. Энэ төсөл яагаад бүтэлгүйтснийг судлаад үзэхэд тэдэнд хүмүүсээ бэлтгэх тохиромжтой газар нутаг байгаагүй. Тэдэнд байгаагүй зүйл нь бидэнд байгаа учраас манай төсөл амжилттай хэрэгжих боломжтой. Цаг уурын орчин нөхцөл, геополитикийн таатай байдал, цөмийн зэвсгээс ангид гэдгээрээ манайхтай өрсөлдөх орон байхгүй. Өрсөлдсөн ч гэсэн бид энэ зах зээлийн нэг хувь руу л явна. Энэ зах зээлийн нэг хувийг эзэмшихэд Монгол Улсын эдийн засгийг дөрөв нугалах хэмжээний орлогыг жилд олох боломжтой.

2018 оны арваннэгдүгээр сард Элон Маск дэлхийгээс Марс руу явах хөлгийг нэмэх, хасах цэнэгтэй ионы гэрлээр явуулах судалгаанд 60 сая ам.доллар зарцуулж байгаагаа мэдэгдсэн. Зөвхөн Элон Маск ч биш Марсыг сонирхож буй дэлхийн томоохон компаниуд технологи дээрээ төвлөрч байна. Харин НАСА гэх мэт байгууллагууд Марс руу хүн явуулах саналаа л дэвшүүлсэн болохоос яг бодитой ажил хийгээгүй. Бид технологи хөгжүүлээгүй ч технологийнх нь ойлголтын дагуу хүмүүсийг бэлтгэх боломжтой. “Саалиа бэлтгэхээр саваа бэлд” гэсэн монгол үг байдаг шүү дээ. Үүн шиг бид хүмүүсийг бэлтгэх савыг нь бэлтгэе гэж байгаа юм.

С.Эрдэнэболд: “MARS-V” төслийг амжилттай хэрэгжүүлбэл бид дэлхийд үнэ цэнтэй ард түмэн болно

Тэр сав нь юу юунаас бүрдэх вэ. Ямар бүтээн байгуулалтууд хийгдэх үү?

Нэгдүгээрт нь, дасан зохицох сургалтын бааз байгуулах гэж байгаа юм. Энэ сургалтын бааз нь тусгай хөтөлбөртэй байна.

Хоёрдугаарт, сансрын судалгаа хөгжүүлэлтийн чөлөөт бүс байгуулна. Янз бүрийн сансрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтаа манайд ирж хийх боломжтой гэсэн үг. Тухайлбал, хүйтэн нөхцөлд сансрын нисэгчийн хувцсыг туршиж болно шүү дээ. Японд хүйтэн агаар гаргаж авахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Харин манайд тэр хүйтэн нь байгалийнхаа жамаар байна. Манай хүйтэн гэдэг чинь өөрөө ам.доллар гэсэн үг.

Гуравдугаарт, дагуул хот бий болно. 50 мянган хүн амтай дагуул хот бий болох боломжтой гэж үзэж байгаа. Ингэснээр төвлөрөл саарна.

Энэ бүх бүтээн байгуулалтад ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардах вэ. Тэр хөрөнгө оруулалтаа яаж босгох вэ?

Нэгдүгээр төсөл бол таван тэрбум орчим ам.доллар. Хоёр нь гурван тэрбум орчим ам.доллар. Гурав дахь нь 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах төсөл. Нийт 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ энэ бол нэг дор шаардагдах хөрөнгө биш. Үе шаттайгаар бий болгох санхүүжилт. Энэ хөрөнгийг босгохын тулд олон улсад IPO хийнэ. Одоо бол бид материаллаг болон оюуны үнэ цэнээрээ нийлээд нэг сая ам.доллартой тэнцэх хэмжээний үнэ цэнийг бий болгочихоод байна. Биднийг гаднаас санхүүжилт авч байгаа гэж харж магадгүй. Одоогоор хаанаас ч санхүүжилт аваагүй. Ирээдүйд авна. Гэхдээ нэг улсаас бус бизнесийн зарчмаар гадаадаас хөрөнгө босгоно.

Одоо төслийнхөө үйл ажиллагааны зардлыг хэрхэн санхүүжүүлж байгаа юм бэ. Түрүүн хэлсэн хандиваар санхүүжүүлж байгаа юу?

Тийм. Одоогийн байдлаар манай баг хагас жилийн хугацаан 500 гаруй сая төгрөгийн хандив босгосон.

Энэ хандивын хэмжээ танай төсөлд хүмүүс хэр их итгэж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болох уу?

Болно. Монголын томоохон бизнесмэнүүд энэ төсөлд оролцож байгаа. Энэ хүмүүс чинь уул уурхайн төслүүдээс залхаж байна шүү дээ. Улсаа технологийн орон болгож бусад улс орнуудтай өрсөлдүүлэхийг хүсэж байгаа.

Танай төсөлд хандив өгсөн хүмүүс төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд ашиг хүртэх үү?

Ашиг хүртэлгүй яахав. Би хүмүүст таван янзаар хамтарч ажиллах санал тавьж байгаа. Тодруулбал, манай төсөлд сэтгэл зүрхээ өгч итгээч, цаг хугацаагаа зориулаач, мэдлэг боловсролоо зориулаач, үйлчилгээ, сервесээ гаргаач, мөнгөн хандив өргөөч гэсэн таван санал. Үүнээс хүмүүс сонголтоороо оролцож болно. Тухайлбал, нэг ч төгрөгийн хандив өгөөгүй ч судалгаа, орчуулга, гадаад харилцааны менежер хийж өгч байгаа хүмүүсийн хөдөлмөрийг мөнгөн хэлбэрт шилжүүлээд үнэлж байгаа. Энэ төсөл амжилтад хүрвэл ямар хэлбэрээр дэмжсэнээсээ үл шалтгаалан бүгд хувь хүртэнэ. Харин төсөл бүтэлгүйтвэл ямар ч гомдолгүй гэсэн гэрээ байгуулж байгаа.

Одоо танай төслийг багт хэчнээн хүн нэгдээд байна вэ?

Бид Монголдоо баг бүрдүүлж ажиллахаас гадна дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа монгол мэргэжилтнүүдтэйгээ холбогдсон. “Боинг”-д ажиллаж байгаа, НАСА-д ажиллаж байсан хүмүүс гэх мэтээр бүх шугамаар хүмүүстэй холбогдож эхэлсэн. Хилийн гадна болон дотор байгаа олон сайхан эрдэмтэн залуусаар багаа бүрдүүлсэн. Монголд ирэхээр ажлын байр байхгүй учраас гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүс маш их эх оронч сэтгэлгээтэй байдаг. Тэр хүмүүс “Манай улсад ийм гоё санаачилга өрнөж байгаа юм байна. Бид нар дэмжих ёстой” гээд нэгдсэн. Нэг ч төгрөгийн ашгийн төлөө бус үндсэн 85, дэмжигч 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдсэн.

Та бүхэн төслийнхөө ирээдүйг сайнаар төсөөлж, маш сайн төлөвлөсөн байж болох ч төр засгийн дэмжлэг хамгаас чухал. Танай төслийг төр засгийн зүгээс хэрхэн дэмжиж байгаа вэ?

Бид төслөө эхлүүлэхдээ стратегийн гурван зорилт дэвшүүлсэн. Энэ бол шинжлэх ухааны хувьд үнэ цэнтэй, бизнес модельтой байж эдийн засгийн хувьд ашигтай байх, улс төрийн хувьд гацаа үүсгэхгүй байх гэсэн гурван зорилт. Ингэж байж хөрөнгө оруулалтын суурь бий болно, эрдэмтдийн санаа бодлыг татна. Хөрөнгө оруулаад буцаагаад ашгаа хүртдэг байхаас гадна тухайн бүс нутаг, улс орондоо эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Энэ гурван зорилтоос хамгийн хэцүү нь юу вэ?

С.Эрдэнэболд: “MARS-V” төслийг амжилттай хэрэгжүүлбэл бид дэлхийд үнэ цэнтэй ард түмэн болно

Улс төрийн гацаа юу?

Тийм. Азийн эрчим хүчний супер сүлжээнд холбогдох гэх мэт томоохон төслүүд улс төрийн гацаанаас болоод хэрэгждэггүй. Бид төслийнхөө шинжлэх ухааны судалгаа, ТЭЗҮ-д маш их хөрөнгө зарцуулчихаад явж байтал улс төрийн гацаанд орчихвол хайран мөнгө болно. Тиймээс бид ямар нэгэн улс төрийн гацаа байх ёсгүй, ялангуяа хоёр хөршийн зүгээс гацаа байх ёсгүй гэж үзэн сургалтын бааз гэдэг хэлбэрээр нь түлхүү танилцуулсан. Бид ямар нэгэн пуужин хөөргөх тухай биш, химийн болон бактериологийн зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис турших гээгүй. Хүмүүсийг л бэлтгэх гэж байгаа юм. Хүмүүсийг сэтгэл зүй, бие бялдар, мэдлэгийн хувьд бэлтгэнэ гэдгээ шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүст танилцуулсан. “Үнэхээр дэмжихээс аргагүй төсөл байна” гэж хүлээж авсан. Мөн үүн дээр улстөржихгүй гэсэн зарчим тохирсон юм. “Дотооддоо энэ төсөл дээр ямар нэгэн хүнд суртал гаргахгүй гэж байгаа бол гадаадад танилцууллаа шүү” гээд танилцуулж эхэлсэн.

Дэлхийн удирдагчид Монгол залуусын төслийг дэмжив

Япончууд эхний дэмжлэгийг үзүүлсэн л дээ. Япон чинь технологийн гүрэн шүү дээ. Хироаки Акияама гэдэг хүн Японы ЖАКСА гэж сансрын байгууллагын эрдэмтдийн зөвлөлд манай төслийг танилцуулсан. Тэр хуралд нь бидний төлөөлөл ч оролцсон. Эрдэмтэд нь гайхаад “Монголчууд ийм зүйл хийж чадах уу” гэж асуусан л даа. Тэгэхэд нь Хироаки Акияама “Дэлхийг эзлээд үзчихсэн ард түмэн галактикийн хэмжээнд сэтгэх боломжтой” гэж хэлсэн. Ер нь, бид хэн бэ гэдгээ одоогийнхоо эдийн засгийн нөхцөл байдлаар дүгнэж болохгүй.

С.Эрдэнэболд: “MARS-V” төслийг амжилттай хэрэгжүүлбэл бид дэлхийд үнэ цэнтэй ард түмэн болно

Дараа нь бид 2019 оны долдугаар сард БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагын хүмүүстэй уулзсан. Мөн долдугаар сарын 16-нд саран дээр хүн буусны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцохдоо олон хүнтэй уулзсан юм. Кеннедийн нэрэмжит сансрын төвийн захирал, дөрвөн удаа сансарт ниссэн Боб Кабанатай уулзсан. Түүний дараа манай төсөл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-нд хийсэн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Доналд Трампад танилцуулагдсан. Тухайн өдрийнхөө үдээс хойш НАСА-д танилцуулсан юм. АНУ-д ийм төсөл танилцуулсныг мэдээд ОХУ сонирхсон учраас есдүгээр сарын 3-нд В.Путинд танилцуулсан. Түүнээс хойш гурав хоногийн дараа ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеевийг Монголд ирэхэд нь танилцуулсан. Мөн есдүгээр сарын 5-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэд танилцуулсан юм. Удалгүй, есдүгээр сарын 21-нд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид танилцуулсан. Мөн Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллагад танилцуулсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд танилцуулсан учраас шинжлэх ухааны байгууллагуудтай нь шууд холбогдсон. Өндөр түвшинд танилцуулагдсан учраас тухайн байгууллагууд нь бидэнд итгэдэг. Бид 2019 оны арваннэгдүгээр сарын 8, 16-нд Марсын хоёр том группийн гишүүн болсон. Энэ бол НАСА-гийн Марс судлал, хөтөлбөрийн судалгааны групп болон Марс судлалын олон улсын ажлын групп. Өнгөрсөн нэгдүгээр сард энэ хоёр группд төслөө танилцуулсан. Биднийг дэмжиж хүлээн авлаа. 2019 оны гол ололт бол улс төрийн дэмжлэг авах боломжтой гэдгээ баталсан явдал. “АНУ, ОХУ, БНХАУ татгалзахгүй юм байна. Энэтхэг татгалзах нь бүү хэл бүр дэмжих юм байна” гэсэн итгэл бий болсон. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг асар их байлаа. Залуучууд биднийг сайн дэмжсэн. Гадаад улс орнуудаас улс төрийн дэмжлэг авчихаар тухайн улс орнуудын шинжлэх ухааны байгууллагууд ч өндөр ач холбогдол өгдөг юм байна. Энэ оны гол ажил бол ТЭЗҮ-ээ боловсруулах.

Хүмүүс энэ төсөл олон улсад өрсөлдөж байгаа юм байна. Хэрэв сонгогдохгүй бол хэрэгжихгүй нь гэж ойлгож магадгүй. Гэвч энэ төсөл гадаадын эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамааралгүйгээр хэрэгжих боломжтой гэдгийг тайлбарлах ёстой байх.

Энэ бол НАСА, ЖАКСА зэрэг байгууллагын ямар нэгэн болзол шалгуурыг хангаж байж хөрөнгө оруулалт авах төсөл биш. НАСА, ЖАКСА бол төрийн мэдлийн байгууллагууд. Эдгээр байгууллагатай гэхээсээ илүү эрдэмтэдтэй нь судалгаа шинжилгээний чиглэлээр хамтарч ажиллах нь чухал. Эдгээр байгууллагаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт авахгүй. Хамтарч судалгаа шинжилгээ л хийнэ. Харин бид хөрөнгө яаж босгох вэ гэхээр сансрын технологийн хөрөнгө оруулалт босгож байгаа компаниудаас сургалтын захиалга авч ажиллана. Хувь хүмүүс ч мөнгөө төлөөд манай сургалтад хамрагдаж гоё мэдрэмж аваад буцах боломжтой. Өөрөөр хэлбэл, “MARS-V” төслийн бизнес модель нь НАСА, ЖАКСА зэрэг байгууллагаас хамааралгүйгээр явна. Бид хэнтэй ч өрсөлдөөгүй. Харин давуу талаа л баялаг болгох гэж байгаа юм. Түүнээс бус тендерт оролцож байгаа хэрэг биш. Тэнд технологийг нь хийж байгаа бол бид энд хүний нөөцийг нь бэлтгэх гинжин холбоонд л орохыг хүсч байна. Энэ гинжин холбоонд өөр улсын манайх шиг төсөл орж ч болно. Энэ зах зээлээс хамгийн багадаа нэг хувийг нь эзлэхэд л хангалтай хэмжээний ашиг олно.

“MARS-V” төсөл амжилттай хэрэгжсэнээр монголчууд оюун санааны хувьд нэгдэж чаддаг, бие биедээ итгэж чаддаг гэсэн итгэл үнэмшилтэй болно. Бид томоохон төсөл хэрэгжүүлж, дэлхийн технологийн өрсөлдөөнд хувь нийлүүлэгч байж чадах юм байна гэсэн итгэл бий болно. Хоёрдугаарт, Монгол Улсад хүрэн эдийн засагтай бус олон тулгууртай эдийн засагтай болох юм. Үүнийг дагаад технологийн маш том хувьсал бий болно. Хуульч, эдийн засагч мэргэжлээр хэдэн мянгаараа суралцаж төгсөхөө болино. Нанотехнологи, биотехнологи, сансрын геологиор суралцах боломж бүрдэнэ. Хэдэн мянгаараа гадаад руу явж ажил хийх бус Монголдоо дэлхийн хэмжээний төсөлд оролцох боломжтой гэсэн ойлголт бий болно. Мэдлэгийн зах зээл Монголд эдийн засгийн маш том давлагаа болж хөгжинө. Гуравдугаарт, бид дэлхийд үнэ цэнтэй ард түмэн болно. Монгол гэхээр “Цөөхөн хүн амтай улс, энэ улсад Чингис хаан гэж хүн байсан” хэмээн бодох бус сансрын үүд хаалга болсон газар гэж ойлгодог болно.

Эх сурвалж: http://eagle.mn/