Венесуэл хоол хүнс, эм тариа алтаар худалдан авахаар тохиролцжээ

Венесуэлийн эрх баригчид коронавирусний цар тахлын үед хоол хүнс, эм тариа нийлүүлэх санхүүжүүлэлтийг Английн Банканд хадгалагдаж байгаа алтаараа хийх талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоонд хүрчээ.

 

Ийм гэрээг коронавирустэй тэмцэх ажлыг санхүүжүүлэх зорилгоор Английн Банканд хадгалагдаж буй 1 тэрбум гаруй ам.долларын алтан гулдмайг эргүүлэн авахын тулд тус банкийг Лондоны шүүхэд өгсний дараахан байгуулсан гэж “Reuters” агентлаг Венесуэлийн Төв банкны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилсан байна. 

 

Тус агентлагийн мэдээлж буйгаар, нөхцөл байдал ирэх долоо хоногт шийдэгдэнэ гэж Венесуэлийн Төв банкны төлөөлөгч үзэж байгаа аж. Гэрээнд заасны дагуу төлбөрийн үе шатанд д авлигын эрсдэл үүсэхээс зайлсхийхийн тулд санхүүжилтийг шууд хийх гэнэ.

 

“Reuters” агентлаг энэ талаар НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр болон Английн банкнаас тайлбар авч чадаагүй байна.

 

Венесуэлийн эрх баригчид алтаа эргүүлэн авах хүсэлтийг Английн Банканд дөрөвдүгээр сард тавьжээ. Тус банканд Венесуэлийн нийт 31 тонн алтан гулдмайг хадгалагдаж байгаа ажээ. Венесуэлийн Засгийн газар алтныхаа талыг эргүүлэн авахыг хэд хэдэн удаа оролдсон боловч банк татгалзсан хариу өгсөн байна. Тухайлбал, 2018 онд хүсэлт гаргасан боловч Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро "улсын алтыг замаас нь авч", хувийн ашиг сонирхолдоо ашиглаж магадгүй гэж болгоомжлон тус улсын 420 сая фунт стерлингийн алтан гулдмайг буцааж өгөхөөс татгалзаж байжээ.