Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг  үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

 

Өсвөр насны 4 хүүхэд өчигдөр буюу энэ сарын 27-ны 17 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт тогтсон усанд амиа алдсан. Тогтоол ус нь Маршалын гүүрнээс зүүн тийш, “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн байжээ. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримтлаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг үндэслэлээр С.Эрдэнэтуулыг  үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 10-нд тухайн газрын нөхцөл байдалтай танилцахдаа “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын баг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын баг тухайн газарт хяналт шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илэрсэн талаар энэ сарын 21-нд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байжээ.