“Хоргын Ногоон Гудамж” мод тарих аян өрнүүлжээ

Архангай аймгийн Тариат сумын залуучууд санаа, сэтгэл нэгдэн “Хан Залаа” ТББ-ыг байгуулжээ.

Тус байгууллага нь нутаг нэгт сумынхаа Улаанбаатар хотод амьдарч байгаа болон,  орон нутагтаа суугаа иргэдээ хамруулан соёл, урлаг, спорт, нийгэм, байгаль орчин, Шинжлэх ухааны олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулахаар 2018 онд байгуулагдсан аж.  

Энэ хугацаанд нутгийн бүх насны олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирлээ. Тэднийн  төлөвлөсөн ажлуудын нэг болох сум орон нутагруугаа чиглэсэн   “Хоргын ногоон гудамж” төсөл өдгөө биеллээ олжээ.  

Төслийн хүрээнд аян өрнүүлж, ЗДТГ, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, анги хамт олон, төгсөлтийнхөн, хувь хүмүүс хандив өргөн 10 орчим сая төгрөг цугларчээ.  

Тариат сумын ЗДТГ-тайгаа хамтран ажиллаж, бүх албан байгууллагууд  нүх ухах, тарихад оролцуулан, ургалтыг хариуцан услах хүн зэргийг томилон усалгааны материал,  цалин урамшуулал зэргийг шийдэн ажилласан байна.

Нийт 1500 орчим модыг сумынхаа төв зам дагуу 667 м урт төмөр хайсанд 170 улиас, сумын цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, голт бор, монос, тэхийн шээг, өрөл зэргийг тарьж суулгажээ.

Цаашид сумын төвөө ногоон болгох зорилгоор хэд хэдэн албан байгууллага хувь хүмүүст зөвлөгөө өгөн жишиг болгох үүднээс модны суулгац өглөө. 

Мөн энэ үеэр өрх бүрийг мод тарьж ногоон ирээдүйн төлөө нэгдэхийг уриалжээ.  Нутгийн уугуул, Нийслэл хотын ногоон байгууламжийн зөвлөх, Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн багш, Биологийн ухааны доктор, дэд профессор С.Жавзан ирж мод тарьж ургуулах, арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгсөн байна. 

Энэхүү ажлыг дэмжин Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар Нэгдэл”-ийн хамт олны төлөөлөл болон  Тариат сумын засаг дарга Г.Алтан-Очир, “Хан залаа”ТББ-ын тэргүүн П.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцжээ.

Эх сурвалж: Э.Хишигбаяр