ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төсөл иржээ

Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төсөл ирсэн байна. Төслүүдийн 11 нь Зуунмод сумаас 33 нь хөдөө орон нутгаас ирүүлжээ.

Ирүүлсэн төслүүдийг журмын дагуу шалгаруулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1 тэрбум төгрөгийг 5 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгох юм. Иргэдээс сүү, сүүн бүтээгдэхүүн, дотор мах дайвар бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнэ боловсруулах, зоорь хүлэмжийн аж ахуй, арьс шир боловсруулах, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сав баглаа боодол үйлдвэрлэх, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх гэсэн чиглэлийн төслүүд ирсэн. Өнөөдрийн байдлаар төслийн материалын иж бүрдэлийг шалгах ажил хийж байгаа. Мөн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүн 8 гишүүнтэй байх бөгөөд үүнээс 4 нь ТББ-ын гишүүн байх юм. Тиймээс одоогоор ТББ-ын төлөөллийг сонгон  шалгаруулах зарыг олон нийтэд нээлттэй зарлаж материалаа ХХААГ-т хүлээн авч байгаа гэж ХХААГ-ын ЖДҮ, хөнгөн, хоршоо, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч. Хишиглхам мэдээллээ.

 

Уг төсөлд 16 сумын 44 аж ахуй нэгжийн материал ирснээс Зуунмод 11, Жаргалант 10, Баянчандмань 5, Сүмбэр 4, Эрдэнэ болон Батсүмбэр сумаас 2, Баянцогт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Баяндэлгэр, Лүн, Угтаал, Сэргэлэн, Борннуур, Цээл, Өндөрширээт зэрэг сумаас нэг  нэг төслийн материал ирсэн байгаа аж.