Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхааруулав

Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээлснээр зургадугаар сарын 8-нд буюу маргааш Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдсэн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Зургадугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, Төв Азийн орнуудад гацсан иргэдээ татан авах юм.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн 45 улсаас 11600 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. Австрали улсын Сидней хот руу  зургадугаар сарын 6-нд хөөрсөн тусгай үүргийн онгоцоор 250-270 орчим иргэн ирэх юм.

Мөн ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулах бол Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд гацаад буй монголчуудаа авчрахаар төлөвлөсөн байна. Гадаад дахь иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Тиймээс эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг албаныхан анхаарууллаа. Үүнд:

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  • Төлбөр хийхдээ тухайн иргэний регистрийн дугаар, овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.
  • Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.