Дуудлага худалдаагаар 20 тэрбумыг төвлөрүүлэв

"Нийслэлийн өмч хувьчлал-2020" дуудлага худалдаа саяхан болж “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжийг хувьчиллаа.

Дуудлага худалдаанд 3 ААН, байгууллага оролцож, худалдах доод үнэ 15.8 тэрбум төгрөгөөс эхэлж дуудлага худалдаа дүрэм журмынхаа дагуу амжилттай болж 20.02 тэрбум төгрөгөөр үнэ өсгөж “Камдер" ХХК ялагч болжээ. Тус компани өчигдөр нийслэлийн Өмчийн  ашиглалт, удирдлагын газартай худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж гарын үсэг зураад байна.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлэх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавин, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг юм. Энэхүү чиг үүргийн хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлж байна.