Нийслэлийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг Засгийн газарт өргөн барив

Нийслэлээс “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий үзэл баримтлал”-ыг боловсруулж Засгийн газарт өргөн бариад байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх 6 дэд төвийг байгуулж, нийслэлийг эдийн засгийн хувьд төрөлжүүлэх аж. Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан даваа гараг бүр иргэд, олон нийтэд хийдэг мэдээллийн цагаар мэдэгдлээ. 

Тэрээр хэлэхдээ, “Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын урт хугацааны төлөвлөлтөд  дагуул хотуудыг байгуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хотуудыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх орчин төвтэй шийдлийн хүрээнд хотын стандартыг хэрэгжүүлсэн дагуул хотуудыг хөгжүүлэх болно” гэдгийг онцлов.

Улаанбаатар хотын хөгжүүлэх бодлогын баримт бичиг нь гурван үе шаттай хэрэгжинэ. “Олон төрөлт ухаалаг болон газар доорх багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгон, Улаанбаатар хотыг дагуул хотуудтай холбосон зорчигч тээвэр, бүс нутагтай холбосон тусгай замын өндөр хурдны тээврийг нэвтрүүлж түгжрэлгүй, эдийн засгийн хэмнэлттэй хот болгон хөгжүүлнэ. Автобусны паркийг шинэчилж байна. 

Ирэх 9 дүгээр сарын 1-нээс хотын төвийн бүсэд сургуулийн стандартын 200 автобусыг хөдөлгөөнд нэмж оруулна. Нэгдсэн стандарттай, таних тэмдэг, тоолуур бүхий 800 таксийг мөн хөдөлгөөнд оролцуулна. Агаарын такси төсөл үргэлжилж байна. Цахилгаан соронзон галт тэрэгний төслийн тооцоо, судалгаа хийгдэж байна. Хүний хөгжлийг дэмжин, ажиллаж амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх замаар "Хүний хөгжлийн индекс"-ээр дэлхийд тэргүүлэх 20 улсын нэг болно” хэмээн онцолж хэллээ.