Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Завхан аймгийн хэмжээгээр 105 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 37.1 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Хулгайн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан хэдий ч гэмт хэргийн гаралт буурахгүй байна.

Тиймээс албан байгууллага, иргэн бүрийг хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Цагдаагийн газраас уриалж байна. Сүүлийн үед байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харуул хамгаалалт сул, эд зүйлээ ил задгай орхих, бүртгэлээр хүлээлцдэггүйтэй холбоотойгоор хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Иймд гэмт халдлагад өртөхгүйн тулд үйл ажиллагаа явуулж буй ажлын байрандаа дотоодын хяналт тавьж, хариуцлагатай жижүүр, зохион байгуулагч, хамгаалагч, харуул зэрэг хүмүүсийг үүрэгжүүлэн, байнгын хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Мөн эдгээр албан тушаалд авч ажиллуулах хүмүүсээ сайтар судлан, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаар лавлагаа гаргуулах. Албан өрөө, ажлын байр, агуулах болон бусад өрөө тасалгаандаа өөрсдөө архидах, гаднын хүмүүсийг авчирч согтууруулах ундаагаар дайлах зэрэг зохисгүй байдал гаргахгүй байх. Үйлчилгээний танхим болон гадна, дотор орчиндоо хяналтын камер байрлуулж, дохиоллын системд холбуулах. Гэмт халдлагад өртөхгүй байх бүх талын арга хэмжээг дотооддоо зохион байгуулан, ажилтан, алба хаагчдадаа хууль дүрмийг ойлгуулан таниулах. Монгол Улсын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар дотооддоо болон үйл ажиллагаа явуулж буй хүрээнд хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах. Ажилчин алба хаагчаас хэрэг зөрчилд холбогдуулахгүй байх талаар Цагдаагийн газартай хамтран тодорхой төрлийн ажил зохион байгуулахыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

Ташрамд бусдын өмч хөрөнгийг хулгайлсан этгээдийн талаар иргэд та цагдаагийн байгууллагад үнэтэй мэдээлэл өгвөл худалдаж авна. Учир нь тухайн этгээд өөр төрлийн хулгай хийхээс урьдчилан сэргийлэх буянтай үйлс болно гэдгийг цаг ямагт санах хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 31.1.3.гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх гэсэн заалт бий хэмээн нэмж дуулгалаа.