Сумын эрүүл мэндийн төв шинэ тоног төхөөрөмжүүдээ бүрэн ашиглаж байна

Завханы Дөрвөлжин сумын эрүүл мэндийн төвд өнөөдрийн байдлаар 370 гаруй иргэн шинжилгээ өгч үйлчлүүлжээ.

Тус эмнэлэг өнгөрсөн хавар цус, шээсний суурь шинжилгээ хийх аппарат, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болсон бөгөөд шинэ тоног төхөөрөмжийн хэрэгцээ сайн байна гэв. Төслийн шугамаар шаардлагатай байсан тоног төхөөрөмжтэй болсноор 2200 гаруй иргэн сумандаа суурь шинжилгээ өгөх боломжтой болжээ. Мөн дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах нөхцөл ч бүрдсэн нь үр дүнгээ өгч байна. Бид шинэ тоног төхөөрөмжөө зааврын дагуу ашиглахаар эрүүл мэндийн төвийнхөө эмч, сувилагч нарыг сургалтад хамруулсан.

Өнөөдөр сумын иргэд 150 гаруй км газар явж, заавал аймгийн төвд очиж шинжилгээ өгдөг байсан бол сумынхаа Эрүүл мэндийн төвд өдөр бүр шаардлагатай шинжилгээг өгч, эмчилгээ үйлчилгээгээ авдаг болсон байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээний үр дүн ч сайжирч байгаа. Дэлхий дахинд лабораторийн тусламжийн нэр төрөл нэмэгдэн, шинжилгээний чанар сайжирч нотолгоонд суурилсан анагаах ухаан оношилгоо шинжилгээнд суурилсан эмчилгээний үр дүнг хэдийнэ нэвтрүүлээд байна. Тиймээс хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвүүд ч гэсэн өвчнийг оношлох, эмчлэх одоо байгаа технологийг баяжуулах, шинэчлэх шаардлага бидэнд нэн тэргүүнд хэрэгтэй байсан. Бид хөдөөгийн иргэдэд технологид суурилсан эмчилгээ үйлчилгээг чанартай үзүүлэх шинэ алхам нээхийн тулд олон улсын байгууллагын зарласан төслийн уралдаанд оролцсон. Ингээд төсөл маань шалгарч бид шинэ тоног төхөөрөмжүүдээ хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр бид эдгээр тоног төхөөрөмжүүдээ бүрэн хүчин чадлаар нь мэргэжлийн түвшинд ажиллуулж байна хэмээн Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.