Гэр хорооллын 3500 өрхийг орон сууцжуулах төслийг эхлүүллээ

Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д НИТХ-аас өнөөдөр батламж гардууллаа.

Дээрх компани нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн юм.

Тус компани эхний ээлжинд төслийн зорилгод нийцүүлэн өөрийн эзэмшлийн газар дээр 126 айлын орон сууцыг барьж байна. Барилгыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулах аж. Энэ талаар компанийн захирал Ө.Дорждэрэм “Бид 24 га талбарт 3500 айлын орон сууц, амины таун хаус барина. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, хүн амьдрахад таатай орчин бүрдүүлнэ. 2013 оноос эхлэлтэй уг ажлыг 2019 онд НИТХ-ын Тэргүүлэгчид бодит ажил болгосон. 

Мөн нийслэлээс инженерийн дэд бүтцийг шийдэж өгч байна. Эхний ээлжийн 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар иргэд заавал нүүж, газраа чөлөөлөх шаардлагагүй болж буй онцлогтой. Тодруулбал, байр ашиглалтад орох хүртэл иргэд хашаандаа амьдарч, ашиглалтад орсны дараа газраа чөлөөлнө” гэв.

НИТХ-ын Р.Дагва батламж гардуулах үеэр хэлэхдээ, өнгөрсөн сард НИТХ-ын Тэргүүлэгчид Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын амны 10 га газарт “Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл” хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснийг онцоллоо. 

Тэрээр, “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон бэрхшээлийг шийдвэрлэж, амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлж байна. Он гарснаас хойш иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эрчимжүүлж Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 500 орчим өрхөд орон сууцны түлхүүрийг нь гардуулаад байна. 318 өрхийн 2013 онд гаргасан санаачилга өнөөдөр бодит ажил болж, төсөл хэрэгжүүлэгч компанид батламж гардуулж байна. Нийслэлээс дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч байгаа нь нэг талдаа хувийн хэвшлээ дэмжиж, нөгөө талдаа иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж буй онцлогтой” гэв.