Журмын хэрэгжитлтийг хангах үүрэг чиглэл өгөв

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх журам” баталсан.

Уг журам баталсантай холбоотойгоор аймгийн Сонгуулийн хороо журмын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд өнгөрсөн пүрэв гарагт аймгийн Эрүүл мэндийн газар, Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан, Цагдаагийн газар Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагатай хамтарсан уулзалт хийлээ.

 Уулзалтаар 2020 оны ээлжит сонгуулийн үеэр санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг хэсгийн хороод болон эрүүл мэндийн байгууллага, сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, амны хаалт, нэг удаагийн бээлий олгох ажлыг эрүүл мэндийн байгууллагаас томилогдсон ажилтан, санал авах байрны гадна хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулах ажиллагааг цагдаагийн байгууллагын ажилтан хариуцах зэрэг холбогдох мэргэжилтнүүдэд тодорхой чиг үүрэг олгов.