Улаангомын малчид ноосны урамшууллаа авчээ

Улаангом сумын 1032 малчин, мал бүхий иргэд ноосны урамшуулалд хамрагдахаас одоогоор 960 гаруй малчин өрх урамшууллаа аваад байна.

Үлдсэн 65 иргэний хувьд банкны данс, нэр зөрүүтэй байсан тул мэдээллийг засаж, холбогдох яам, байгууллага руу явуулжээ. Энэ нь засагдаад ирэхээр ноосны урамшууллын мөнгө нь орох аж.

“Ноосны урамшуулал олгож буйтай холбогдуулан мал тооллогод хамрагдаагүй малчин, мал бүхий иргэд гомдол гаргаж байгаа. Энэхүү асуудлыг одоо шийдэж, урамшуулал олгох боломжгүй. Зөвхөн 2019 оны жил эцсийн мал тооллогод хамрагдсан иргэдэд тухайн урамшууллыг төрөөс олгож байгаа” хэмээн Улаангом сумын ЗДТГ-ын ХАА хариуцсан мэргэжилтэн Д.Батсайхан хэллээ.

УИХ-ын энэ хаврын тогтоолоор малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр 1 кг тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрд олгохоор заасан.