ХАА-н салбарын үзүүлэлтүүд өссөн дүнтэй гарав

ҮСХ-ны мэдээллээр он гарсаар эхний I улиралд "COVID-19"-ийн халдварын цар тахалтай холбоотой эдийн засагт хүчтэй сөргөөр нөлөөсөн зүйл гараагүй байна. Тодруулбал, нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлөх түвшинд хүрээгүй байна.

Харин II улирлаас жижиглэн худалдаа эрхлэгчид болон бизнесийн байгууллагуудад хүндрэл гарч эхэлжээ. Гэхдээ ажлын байрны цомхотголыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэвийн үзүүлэлттэй байна. 

Макро эдийн засгийн түвшинд хасах 10.7 хувийн агшилтай гарч, үүнд уул уурхай 7.6 хувийг эзэлж байна. Мөн аялал жуулчлал, зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний тодорхой тооны салбарт орлого буурсан бол ХАА, барилгын үйлдвэрлэл, мөн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж  зэрэг бусад салбарт өсөлттэй дүн гарчээ. 

Өрхийн орлого, зарлагын хувьд иргэдийн худалдан авалт төдийлөн буураагүй, хүнсний бүтээгдэхүүний борлуулалт өссөн бол ахуйн бараа бүтээгдэхүүний худалдан авалт буурчээ. Тухайлбал, айл өрхүүд цахилгаан бараа, тавилга, бэлэн хувцас худалдан авах нь буурчээ. 

Өнгөрсөн оны сүүлээр халамж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, он гарснаас хойш хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээ өссөн нь өрхийн орлогод ихээр нөлөөлжээ. Тодруулбал, энэ нь "COVID-19"-ийн халдварын цар тахалтай холбоотой хөл хорио, хязгаарлалтын дэглэмийн үед орлого тасалдах, хуалдан авах чадвар буурахгүй байхад нөлөөлсөн гэж үзэж байна. 

 

Тодруулга: Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний 5 сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (34.9 хувь) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2.6 (45.3 хувь) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 361.0 (17.8 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын борлуулалт 67.8 (12.8 хувиар) тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Боловсруулах аж үйлдвэр, ХАА-н салбарт спирт, шохой, шингэн сүү, гурил, ус, ундаа, жүүс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8-23.0 хувиар тус тус өсжээ.